НҮБ, 2026 оны есдүгээр сарын 8 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган Нью-Йорк хот дахь төв байранд эхэлж байна. 2027 оны есдүгээр сарын 7 хүртэл үргэлжлэх тус чуулганы эхний сарын гол үйл явдал нь төр, засгийн тэргүүн нар болон Гадаад хэргийн сайд нарын оролцох ерөнхий санал шүүмжлэл байх юм.
Энэ удаагийн чуулган олон улсын зөрчил мөргөлдөөн даамжирсан, НҮБ өөрөө санхүүгийн хүндрэлтэй тулгарсан, тус байгууллагыг шинэчлэх үйл явц өрнөж буй үед болж байна. Мөн ирэх оны бас нэг чухал үйл явдал бол НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль юм. 2017 оноос хойш тус байгууллагыг тэргүүлж буй Антониу Гутеррешийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болно.
Ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 22-26, 28-ны өдрүүдэд болно.
Чуулганы дарга солигдоно
Шинэ чуулган эхлэхийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы хаалтын хуралдаан болно. Тус хуралдаан орон нутгийн цагаар 11:00 цагт эхэлж, 80 дугаар чуулганы дарга, Германы Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок өнгөрсөн нэг жилийн ажлын үр дүнг тайлагнана.
Харин 15:00 цагт 81 дүгээр чуулганы анхны нэгдсэн хуралдаан эхэлнэ. Энэ үеэр Ерөнхий Ассамблейн даргын үүргийг Бангладешийн Гадаад хэргийн сайд Халилур Рахманд шилжүүлнэ. Түүнийг зургаадугаар сарын 2-нд болсон нууц санал хураалтаар сонгожээ. Тэрбээр 99 санал авсан бол түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах Кипр Улсын төлөөлөгч Андреас Какурис 91 санал авсан байна.
Х.Рахман өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, рохинжа иргэдийн асуудлаарх тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2026 оны хоёрдугаар сараас Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Тэрбээр мэргэжлийн замналынхаа ихэнх хугацааг НҮБ-ын системд өнгөрүүлж, Нью-Йорк болон Женевт ажиллаж байжээ. Х.Рахман “Итгэлцлийг сэргээж, өөрчлөлтийг удирдах нь: Бүх нийтэд үйлчилдэг НҮБ” уриан дор Ерөнхий Ассамблейг даргална. Тэрбээр олон талт байгууллагуудад итгэх итгэлийг бэхжүүлэх, НҮБ-ын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, дэлхий дахины шинэ сорилтод нийцүүлэн тус байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх зэрэг зорилтуудыг тавьжээ.
Шинэ чуулганы эхний хуралдаан нь голчлон зохион байгуулалтын шинжтэй байна. Хуралдаан эхэлсний дараа уламжлал ёсоор залбирал, эргэцүүлэлд зориулж нэг минут дуугүй зогсдог бөгөөд Бүрэн эрхийг шалгах хорооны гишүүдийг томилж, хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг батлах, тэдгээрийг хуваарилах ажил эхэлнэ.
Сугалаагаар Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы танхимд хамгийн эхэнд Мароккогийн төлөөлөгчид суух бөгөөд бусад улсын төлөөлөгчдийн суудлыг англи цагаан толгойн дарааллаар хуваарилна.
Өндөр түвшний долоо хоног
Есдүгээр сарын улс төрийн гол үйл явдал нь ерөнхий санал шүүмжлэл байх юм. Энэ үеэр олон арван орны төр, засгийн тэргүүн нар болон гадаад бодлогын байгууллагуудын удирдлагууд уламжлал ёсоор Нью-Йоркт хуран цуглана.
Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд өндөр түвшний хэд хэдэн үй ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Есдүгээр сарын 23-нд Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жилийн ойд зориулсан уулзалт, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон эрчим хүчний шударга шилжилтийн асуудлаарх хэлэлцүүлэг болно. Харин есдүгээр сарын 24-нд далайн түвшин нэмэгдсэнээс үүдэлтэй үр дагаврыг хэлэлцэнэ.
Есдүгээр сарын 25-нд оролцогчид цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэнэ. Есдүгээр сарын 28-нд Дурбаны тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны 25 жилийн ойд зориулсан хурал болох бол 29-нд Цөмийн зэвсгийг бүрэн устгахын төлөөх олон улсын өдрийг тохиолдуулан хуралдана.
Шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно
А.Гутерришийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж буй нь шинэ чуулганд онцгой ач холбогдол өгч байна. Ерөнхий Ассамблейн шинэ дарга НҮБ-ын түүхэн дэх арав дахь Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явцыг зохицуулах ажлыг А.Бербокоос хүлээн авна.
Чуулган эхлэх үед хэд хэдэн нэр дэвшигчийг албан ёсоор дэвшүүлнэ. Тодруулбал, Чилийн Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегалын Ерөнхийлөгч асан Маки Саль, Ерөнхий Ассамблейн дарга асан Мария Фернанда Эспиноса нар юм.
Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс санал болгосны дараа томилгоог Ерөнхий Ассамблей батална. Есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Франц улс даргалж байна.
Шинэчлэлийн нөхцөл дэх НҮБ
НҮБ-ын шинэчлэлийг UN80 санаачилгын хүрээнд үргэлжлүүлэх нь мөн нэг чухал асуудал байх юм. Энэхүү санаачилгыг НҮБ санхүүгийн ноцтой бэрхшээлтэй тулгарсан үед эхлүүлсэн бөгөөд хүнд суртлыг багасгах, байгууллагын эрх, чиг үүргийг дахин авч үзэх, зарим нэгжийн бүтцийг өөрчлөх зорилготой.
НҮБ-ын удирдлага 2026 оны турш байгууллагын санхүүгийн нөхцөл байдалд удаа дараа анхаарал хандуулж ирсэн. А.Гутерриш гишүүн орнууд заавал төлөх гишүүнчлэлийн татвараа саатуулж, зарим нь төлөхгүй байгаагаас үүдэн хөрвөх чадварын ноцтой хямрал үүссэн гэдгийг мэдэгдэж байв. Үүнтэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд зардлыг бууруулж, зарим ажлын байрыг цомхотгохоор төлөвлөжээ.
Ерөнхий Ассамблейн шинэ даргын үед шинэчлэлийн ажил үргэлжилж, шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явцтай зэрэгцэн явагдана. Иймээс энэ удаагийн чуулган хэд хэдэн утгаараа шилжилтийн онцлог үед болж байна. Оролцогчид олон улсын одоогийн хямрал, уламжлалт асуудлуудыг хэлэлцэхээс гадна, НҮБ цаашид ямар удирдлага, институцийн ямар бүтэцтэйгээр ажиллахаа тодорхойлно.