Аравдугаар сарын 9-нд Ерөнхий сайд суурьшлын бүсэд орж ирсэн хүрэн баавгай хүний амь хохироосон явдлын дараа Улсын онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагад иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээг салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангахыг үүрэг болголоо.
Засгийн газрын нэрийн өмнөөс тэрбээр амиа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэв. Баавгай хүний аминд хүрч байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж хугацаа алдах эрх байхгүй гэдгийг анхааруулж, эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо мөрдөж буй хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг яаравчлахыг шаарджээ.
Эрсдэлтэй байршилд цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг илгээх, мэргэжлийн байгууллагыг 24 цагаар ажиллуулах, Улсын онцгой комиссоос иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэхийг даалгасан байна.
Холбогдох албан тушаалтнуудад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ баавгайг барьж, тээвэрлэж, тохиромжтой нутагт шилжүүлэн тавих ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгав.
Унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхай зохион байгуулахад Засгийн газар нэг тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Хэрэгжилтэд анхаарч, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
