Монгол Улсад томуу, томуу төст өвчин улирлын шинжтэйгээр нэмэгдэж, ихэвчлэн есдүгээр сарын сүүлчээс идэвхжиж, арван хоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сарын эхэн хүртэл оргил түвшинд хүрдэг.

2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.9 тохиолдлоор буурсан боловч сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна.

Өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 59.0 хувийг 6 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт зорилтот бүлэгт 93.8 хувьд хүрээд байна. Улсын хэмжээнд нийт 333,000 хүн тун вакцин хүлээн авч, үлдэгдэл 167,000 хүн тун вакциныг есдүгээр сарын 30-нд хүлээн авч, орон нутагт тарааж дуусгасан.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: «Томуу, томуу төст өвчний үед хамгийн түрүүнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тиймээс өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад хамруулах нь хамгийн чухал» гэв.

Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын хүрээнд лабораторийн шинжилгээ хийх 4 сарын нөөц оношлуур бүрдүүлсэн. Улсын хэмжээнд 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангасан.

2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 3 дугаар сарын 1 хүртэл томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажилтанд гэрээс цахимаар ажиллуулах, эсвэл ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зохицуулалт хийнэ.

Эрүүл мэндийн яам эцэг, эхчүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар шаардлагагүй авч явахгүй байх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сургууль, цэцэрлэгт явуулахгүй байхыг зөвлөж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн