Онцгой байдлын ерөнхий газар төв, орон нутгийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, салааны захирагч нарт 14 хоногийн мэргэшүүлэх сургалт зохион байгуулж, гэрчилгээ гардууллаа.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг «Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын тогтолцоо нь үндэсний аюулгүй байдал, эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эрүүл мэнд, иргэн, хуулийн этгээдийн өмчийг авран хамгаалахад чиглэсэн төрийн хяналтын салшгүй хэсэг. Сургалтаар авсан мэдлэг, арга зүйгээ хамт олонтойгоо хуваалцаж, хариуцсан нутаг, байгууллагын онцлогт нийцүүлэн хэрэгжүүл» гэж үүрэг болгов.
Энэ удаагийн хөтөлбөр нийслэл болон 21 аймгийн гамшгаас хамгаалах улсын хяналтад шинээр томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлж, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсийг нэгдсэн дадлагад хамруулснаараа онцлог байв.
Хичээлийг ОБЕГ-ын холбогдох нэгжүүд, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн багш нар удирдсан. Оролцогчид хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн орчин, шалгалт зохион байгуулах аргачлалыг үзэж, онолоо дадлагаар бататгасан.
