НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 21 /TASS/. АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдаа, хиймэл оюуны асуудлаар маш амжилттай хэлэлцээ хийлээ гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
“Бид Хятадын талтай худалдаа, хиймэл оюуны асуудлаар маш үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Бээжинд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, тэнд Худалдааны зөвлөлийг байгуулан, хиймэл оюуны асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Өнөө орой эдгээр асуудлыг бодит ажил хэрэг болгох талаар ярилцлаа” гэж тэрбээр Нью-Йоркт Хятадын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээнийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
С.Бессентийн хэлснээр, талууд хиймэл оюуны салбарт хамтран ажиллах “механизмыг бий болгох” асуудлыг хэлэлцжээ. Энэхүү хэлэлцээг цаашид “Хиймэл оюуны асуудлаарх АНУ-Хятадын яриа хэлэлцээ” гэж нэрлэх болно. Хоёр улсын хооронд мэдээлэл солилцох механизм бий болгохыг бид санал болгосон. Бид мөн зорилго зорилтууд, учирч болзошгүй аюулын талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг хүсэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний тайлбарласнаар, талууд үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй үйл явдал, зөрчил, аюулын талаар мэдээлэл солилцох ажээ.
