Косовогийн ерөнхийлөгч асан Хашим Тачи дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдан 25 жилийн хорих ял сонслоо. Нидерландын Гааг хотод болсон шүүх хурлаар 58 настай Тачид 1990-ээд онд Косовогийн тусгаар тогтнолын төлөө Сербийн эсрэг өрнөсөн дайны үеэр дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан. Тус дайны үеэр 10 мянга гаруй хүн амиа алдсан байдаг.

Гурван жил үргэлжилсэн шүүх хурлын дараа түүнийг хүний амь хөнөөсөн, хууль бусаар баривчилсан, эрүүдэн шүүсэн, хэрцгий харьцсан зэрэг гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна. Харин түүнд тавьсан бусад хэрэгт гэм буруутай нь нотлогдоогүй аж.

Тачи нь Косовогийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Косовогийн чөлөөлөх армийн (KLA) үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд командлагч байсан юм. Түүнийг Косовод тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатар гэж үздэг хүмүүс олон байдаг.

Прокурорууд түүнийг 100 орчим хүний амь насыг хохироосон, мөн хүмүүсийг хүчээр алга болгох зэрэг бусад ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байв.

Тачи энэ хэргийн хүрээнд “KLA”-ийн өөр гурван командлагчийн хамт шүүхээр орсон байна. “KLA” нь Сербийн бүрэлдэхүүнд байсан Косовод амьдардаг албаничуудын 1990-ээд оны эхээр байгуулсан зэвсэгт бүлэглэл юм. Дайны үеэр тус бүлэглэл Косовогийн серб үндэстний цөөнхийн эсрэг халдлага үйлдсэн гэх хэргүүд гарч байжээ.

Тачи 2008 онд Косово тусгаар тогтнолоо зарласны дараа тус улсын анхны ерөнхий сайд болсон. Улмаар ерөнхийлөгчөөр сонгогдсон ч 2020 онд албан тушаалаасаа огцорч, Гаагт дайны гэмт хэргээр шүүхэд дуудагдсан юм.

Шүүхийн шийдвэрийг Косовогийн олон мянган хүн том дэлгэцээр шууд үзжээ. Нийслэл Приштина хотод шийдвэрийг сонссон хүмүүсийн зарим нь нулимс дуслуулж буй дүр зураг гэрэл зураг, бичлэгт үлдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн