Саудын Арабын газрын тос тээвэрлэдэг хоолойд дроны халдлага гарсны дараа Улаан тэнгисийн Янбу боомтоос газрын тос ачих ажиллагааг түр зогсоосон талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Саудын Араб өнгөрсөн Пүрэв гаригт (2026.09.10) дроны халдлагын улмаас гэмтсэн газрын тос дамжуулах хоолойгоор дамжуулан Янбу боомт руу түүхий нефть тээвэрлэхээ түр зогсоосон байна.

Уг хоолой нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн чухал гарц болох Ормузын хоолойг тойрон өнгөрөх боломжийг олгодог маршрутын нэг юм.

“Reuters” агентлаг Мягмар гаригт тээврийн салбарын эх сурвалжуудын мэдээллийг иш татан, Янбу боомтод газрын тос ачих ажиллагааг зогсоосон гэж мэдээлсэн байна.

Үүний зэрэгцээ хөрш Йеменд Ираны дэмжлэгтэй хуситуудын хөдөлгөөн Саудын Арабын дэмждэг түр засгийн газрын эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлжээ. Хусит босогчид Улаан тэнгисийн усан замын стратегийн чухал хэсэг болох Баб-эль-Мандебын хоолойн орчимд хяналтаа нэмэгдүүлж байгаа аж. Тэд Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ Саудын Арабын “F-15” сөнөөгч онгоцыг сөнөөж, мөн Янбу дахь газрын тостой холбоотой байгууламжийг баллистик пуужин болон бусад зэвсгээр харвасан гэж мэдэгджээ. Харин Саудын Арабын тал эдгээр мэдээлэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.

Газрын тос дамжуулах хоолойг хаасан болон Саудын Арабын газрын тосны байгууламжуудад халдсан явдал нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй. Одоогоор АНУ-ын “WTI” маркийн түүхий нефтийн фьючерсийн үнэ баррель нь 100 ам.доллараас дээш түвшинд хэвээр байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн