НҮБ-ын мандаттай олон улсын мөрдөн шалгах баг АНУ 2026 оны хоёрдугаар сард Иранд хийсэн хоёр удаагийн цохилтоор дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж дүгнэжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын арми Ираны өмнөд хэсгийн Минаб хотын бага сургууль, Ламэрд хотын спорт, соёлын цогцолбор руу цохилт өгсөн. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэдэх Ираны асуудлаарх Олон улсын бие даасан баримт тогтоох баг хэдэн сарын турш мөрдөн шалгасны эцэст тайлангаа танилцуулжээ.

Тус баг АНУ эдгээр цохилтыг хийхдээ иргэний объект мөн эсэхийг хангалттай шалгаагүй, “болгоомжгүй” үйлдэл гаргасан байх үндэслэлтэй гэж үзсэн байна.

АНУ болон Израиль мөрдөн шалгах багийн ажилтнуудад мэдээлэл өгөөгүй бөгөөд газар дээр нь ажиллах зөвшөөрөл ч олгоогүй аж. Тиймээс мөрдөн шалгагчид хиймэл дагуулын зураг, баталгаажуулсан видео бичлэг, зэвсгийн үлдэгдлийн шинжилгээ болон гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурласан байна.

МИНАБ БОЛОН ЛАМЭРД ЮУ БОЛСОН БЭ?

Ираны Хормозган мужийн Минаб хот дахь Шажарех Тайебех бага сургуульд хоёрдугаар сарын 28-ны өглөөний 10:30 цагийн орчимд пуужингаар цохилт өгчээ. Тус сургууль нь Исламын хувьсгалт гвардийн тэнгисийн цэргийн байгууламжаас ойролцоогоор 72 метрийн зайд байсан ч ханаар тусгаарлагдсан, өөрийн гэсэн хаалгатай байжээ. Мөн хиймэл дагуулын зурагт уг барилга нь хүүхдийн зураг, тоглоомын талбай, анги танхимтай, хэвийн үйл ажиллагаа явуулдаг сургууль болох нь харагдсан байна.

Мөрдөн шалгах багийн мэдээлснээр, сургуульд хоёр удаа цохилт өгсөн байна. Эхний цохилт сургуулийн доод давхарт тусжээ. Үүний дараа багш, ажилтнууд хүүхдүүдийг дээд давхрын залбирлын өрөөнд шилжүүлсэн байна. Гэвч удалгүй хоёр дахь цохилт дээд давхарт тусаж, олон хүн амиа алджээ. Ираны орон нутгийн албаныхан 156 хүн нас барсан, тэдний 120 нь сурагч, 26 нь эмэгтэй багш байсан гэж мэдээлсэн байна.

Харин НҮБ-ын багийн иш татсан хараат бус эх сурвалжуудын мэдээллээр 157 хүн амиа алдсаны дотор зургаан настай 15 хүүхэд байжээ.

АНУ-ын засаг захиргаа эхэндээ уг цохилтод Ираны тал буруутай байж болзошгүй гэж мэдэгдсэн. Гэвч зэвсгийн шинжээчид хэргийн газраас олдсон үлдэгдлийг судлаад, АНУ-ын ашигладаг “Tomahawk” пуужин байсан гэж тогтоосон байна. Иран ийм төрлийн пуужинг эзэмшдэггүй аж.

Мөн хоёрдугаар сарын 28-ны орой 17:10 цагийн орчимд Ираны Фарс мужийн Ламэрд хотын Шахид Хаж Халил Наими соёл, спортын цогцолбор агаарын цохилтод өртжээ. НҮБ-ын мөрдөн шалгах багийн мэдээлснээр уг байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглаж байсан гэх нотолгоо олдоогүй байна. Баталгаажуулсан видео бичлэгт эхний пуужин ойролцоох орон сууцны бүсийн дээгүүр дэлбэрч, дараагийн пуужин спортын цогцолборын яг дээр туссан нь харагджээ.

Орон нутгийн албаныхны мэдээлснээр, 22 хүн амиа алдсаны дотор дөрвөн хүүхэд байсан бөгөөд 100 гаруй хүн шархадсан байна.

НҮБ-ын багийн дүгнэлтээр, эдгээр хоёр цохилтын үеэр АНУ энгийн иргэд болон иргэний байгууламжийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлсэн эсэхэд ноцтой эргэлзээ үүсэж байна. Мөн цохилтыг төлөвлөх, хэрэгжүүлэх явцад гаргасан үйлдэл нь дайны гэмт хэрэгт хамаарах эсэхийг цаашид авч үзэх үндэслэлтэй гэж үзжээ.

АНУ ЭДГЭЭР ЦОХИЛТЫН ТАЛААР ЮУ ГЭЖ МЭДЭГДСЭН БЭ?

Минаб дахь сургуулийн балгаснаас “Tomahawk” пуужингийн үлдэгдэл олдсоны дараа АНУ хариуцлага хүлээх эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна. АНУ-ын Төв командлалын /CENTCOM/ командлагч адмирал Брэд Купер тавдугаар сарын 19-нд Пентагоны урьдчилсан шалгалтын дүнгээр уг цохилтыг АНУ-ын цэргийн ажиллагаатай холбоотой гэж мэдэгдсэн.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сард сургуулийг зориудаар онилсон хүн байхгүй гэж хэлжээ.

НҮБ-ын мөрдөн шалгах баг мөн “The New York Times” болон “Reuters” агентлагийн мэдээллийг иш татсан. Эдгээр мэдээлэлд дурдсанаар, Пентагоны урьдчилсан шалгалтаар сургуулийг ойролцоох цэргийн байгууламжийн нэг хэсэг гэж буруу тодорхойлсон хуучин мэдээлэл ашигласан байж болзошгүй гэж үзжээ.

АНУ Ламэрд хотын спорт, соёлын цогцолборт цохилт өгсөн гэдгээ үгүйсгэж байна. “CENTCOM” уг байгууламжид учирсан гэмтэл нь Ираны “Hoveyzeh” далавчит пуужингийн цохилттой холбоотой гэж мэдэгдсэн. Гэвч НҮБ-ын мөрдөн шалгах баг энэ тайлбартай санал нийлэхгүй байгаа юм. Зэвсгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн, цохилтод “Hoveyzeh” пуужин ашигласан байх боломжгүй гэж үзжээ. Харин шинжээчид уг зэвсгийг АНУ-д үйлдвэрлэсэн “Precision Strike Missile” /PrSM/ байж болзошгүй гэж тодорхойлсон байна. АНУ энэ пуужинг Иранд анх удаа ашигласан гэдгээ өмнө нь олон нийтэд мэдээлж байсан аж.

Трампын засаг захиргаа НҮБ-ын мөрдөн шалгах багийн дүгнэлтийг одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагаан ордны дэд хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Келли “Al Jazeera”-д өгсөн ярилцлагадаа, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тайланг эрс шүүмжилжээ. Тэрбээр”Ираны засгийн газар л дайны гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдэгдсэн байна. Мөн Ираныг олон мянган иргэнээ болон гадаадад америкчуудын амийг хөнөөсөн, Ормузын хоолойд терроризмын ажиллагаа явуулсан, бүс нутгийн хөрш орнууд руу ялгаваргүй халдсан гэж буруутгажээ.

Келли мөн Трампын засаг захиргаа Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь дэлхийг илүү аюулгүй, тогтвортой болгоно гэж мэдэгдсэн байна.

ИРАН ЮУ ГЭЖ МЭДЭГДЭЖ БАЙНА ВЭ?

Иран улс Ламэрдийн цохилтыг АНУ хийсэн гэж буруутгаж буй. Ираны тал уг цохилтод ашигласан пуужин нь Ираны “Hoveyzeh” биш, АНУ-ын пуужин байсан гэж мэдэгджээ. Мөн Минаб болон Ламэрд хотод болсон цохилтыг АНУ энгийн иргэдийн эсрэг халдлага үйлдсэний нотолгоо гэж үзэж байна.

Минаб хотын прокурор Эбрахим Тахери болон Ламэрд дүүргийн Спорт, залуучуудын газар тус тусын мэдээллээрээ хохирлын тоог нийтэлжээ. Тэдний мэдээллээр:

  • Минабын сургуульд 156 хүн амиа алдсан
  • Ламэрдийн спортын цогцолборт 22 хүн амиа алдсан

Иран улс өмнө нь ч АНУ болон Израилийг дайны үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, эдгээр халдлагад олон улсын хэмжээнд хариуцлага тооцохыг уриалж байсан.

“ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ” ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?

Дайны гэмт хэрэг гэдэг нь дайн, зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдлийг хэлнэ. Тодруулбал, дайны үед ч “юуг хийж болох, юуг хийж болохгүй” гэсэн дүрэм байдаг. Тэдгээрийг ноцтой зөрчвөл дайны гэмт хэрэг гэж үзэж болно. Жишээ нь сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг иргэний объектод зориудаар халдах, энгийн иргэдийг зориудаар алах, шархдуулах, шархадсан хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтнууд руу халдах зэрэг юм. Мөн олзлогдсон цэргүүдийг тамлах, алах, иргэдэд учрах хохирол нь хэт их болохыг мэдсээр байж халдлага хийх юм.

Дайны үед цэргийн объект руу хууль ёсны цохилт хийсэн ч энгийн иргэд санамсаргүйгээр хохирох тохиолдол байдаг. Энэ нь өөрөө шууд дайны гэмт хэрэг гэсэн үг биш юм. Харин халдлага хийхдээ

  1. Цэргийн болон иргэний байг ялгаж чадаж байсан эсэх
  2. Энгийн иргэдэд учрах хохирлыг урьдчилан тооцсон эсэх
  3. Хохирлыг багасгах боломжтой арга хэмжээ авсан эсэх
  4. Хууль бус үр дагавар гарах өндөр эрсдэлийг мэдсээр байж халдлага хийсэн эсэх зэрэг нөхцөлийг авч үздэг.

НҮБ-ын мөрдөн шалгах баг “сургуулийг зориудаар бөмбөгдсөн” гэж буруутгаагүй. Харин сургууль байсан нь тодорхой бөгөөд хуучин мэдээлэл ашигласан нь дайны гэмт хэргийн сэжигтэй тохиолдол гэж үзэж байна.

АНУ-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ?

Бродигийн тайлбарласнаар НҮБ-ын тусгай багийн тайлан нь АНУ-д шууд шийтгэл ногдуулах, хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр биш. Гэхдээ уг тайланг цаашид хуулийн болон олон улсын бусад ажиллагаанд ашиглаж болох юм. Гэхдээ АНУ-д хариуцлага тооцох боломж одоогоор хязгаарлагдмал байна. АНУ Олон улсын шүүхийн харьяаллаас гарсан бол Иран улс Олон улсын эрүүгийн шүүхэд /ICC/ нэгдээгүй. “ICC” нь улс орныг бус, дайны гэмт хэрэгт буруутгагдсан хувь хүмүүсийг шалгадаг байгууллага юм.

Тиймээс АНУ-д хариуцлага тооцох эсэх нь зөвхөн олон улсын хуулиас бус, улс төрийн шийдвэрээс мөн шалтгаална. Тухайлбал, АНУ-ын Конгресс Пентагоны Иранд явуулсан ажиллагааны үр дүнг олон нийтэд ил болгохыг шаардаж болох бөгөөд НҮБ-ын тайлан нь ийм шаардлага тавихад нэмэлт үндэслэл болж чадна.

Гэхдээ НҮБ-ын энэхүү тайлан нь АНУ-д шууд хэрэгжих шийдвэр биш юм.

НҮБ-ын мөрдөн шалгах баг АНУ, Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг нэн даруй зогсоох, цохилтын улмаас хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгох, мөн урт хугацааны энх тайванд хүрэхийн тулд дипломат арга замыг эрэлхийлэхийг уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн