ХҮМҮҮС
Нэгэн цагт эцэг эх нар нь Хятадын Иргэний дайнд гар нийлэн тулалдаж байсан “Хувьсгалын хунтайжууд” болох Ши Жиньпин, Жан Юшиа нарын улс төрийн хамтрал дуусгавар боллоо. Жан Юшиа Хятадын цөмийн зэвсэг үйлдвэрлэлийн нууц технологийг АНУ-д өгсөн гэх албан бус мэдээлэл гарсан. Тэгвэл Хятадын удирдагчийн баруун гар байсан ч урвасан гэгдэж буй Жан Юшиа хэн болох талаар “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.
Хятадын төрийн мэдлийн “CCTV” телевизээс гаргасан томоохон мэдэгдэлд дурдсанаар, эрх баригчид Жан Юшиаг “сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” хэмээн сэжиглэн шалгаж эхэлсэн. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, мөрдөн байцаагчид Жан Юшиа болон цэргийн штабын нэгдсэн хэлтсийг удирдаж байсан комиссын доод албан тушаалтан генерал Лю Женли нарыг хоёулыг нь шалгаж байгааг Хятадын батлан хамгаалах яам баталсан. Дараа нь “Ши Жиньпин Ардын бүгд найрамдах улсын түүхэн дэх Хятадын цэргийн удирдлагын хамгийн том цэвэрлэгээний нэгийг дуусгасан” гэж Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн Хятадын шинжилгээний төвийн ажилтан Нил Томас “AP” агентлагт ярьжээ. Энэхүү алхам нь Ши Жиньпиний даргалдаг комиссыг бараг бүхэлд нь цочроож, зургаан гишүүний зөвхөн нэгийг нь л үлдээж байна.
Батлан хамгаалах яам Жан Юшиагийн буруутай үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Гэвч Ардын чөлөөлөх армийн өдөр тутмын сонинд “сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан бөгөөд энэ нь Хятад улс авлигыг шийтгэх амлалтаа харуулж байна гэж нийтлэгджээ. Мөн Жан Юшиа, Лю Женли нар Коммунист нам болон Төв цэргийн хорооны “итгэл найдвар, хүлээлтийг ноцтойгоор зөрчиж”, “улс төрийн болон авлигын асуудлыг өдөөж, намын цэргийн удирдлагыг үгүйсгэж, намын засаглалын үндэс суурийг заналхийлсэн” гэж мэдэгдсэн байв.

Үүний зэрэгцээ, “The Wall Street Journal” сонин Жан Юшиа Хятадын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг АНУ-д задруулсан гэж мэдээлсэн эх сурвалжуудыг иш татсан байна. “WSJ”-ийн тайланд түүнийг таньдаг хүнээ батлан хамгаалахын сайдын албан тушаалд дэвшүүлж, авлига авсан гэж буруутгасан байна. Гэхдээ энэ мэдээлэл бүрэн баталгаагүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл хомс байна. Шинжээчид ийм төрлийн цэвэрлэгээ нь армийг шинэчлэх, Ши Жиньпинд үнэнч албан тушаалтнуудыг цуглуулах зорилготой гэж мэдэгджээ. Учир нь Хятадын удирдагч 2012 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш 200 мянган гаруй албан тушаалтныг шийтгэсэн. Энэ нь авлигын эсрэг өргөн хүрээний тэмцэл бөгөөд ямар ч өндөр түвшний цэргийн албаныханд ч хамаарна гэдгийг харуулж байна.
ЖАН ЮШИА ГЭЖ ХЭН БЭ?

Жан Юшиагийн аав
Тэрбээр цэргийн командлалын бүтцэд Ши Жиньпиний дараа орох хамгийн ахмад генерал байсан төдийгүй хамгийн ойрын цэргийн холбоотон нь байсан. Тэрбээр Хятадын Ардын чөлөөлөх армийн удирдах дээд байгууллага болох нөлөө бүхий Төв цэргийн зөвлөлийн (CMC) хамтарсан дэд даргаар ажиллаж байсан байна. Мөн эрх баригч Коммунист намын элит улс төрийн байгууллага болох Улс төрийн товчооны гишүүн байсан бөгөөд бодит байлдааны туршлагатай цөөн тооны ахлах офицеруудын нэг байжээ. Гэвч авлигын хэрэгт буруутгагдсанаас болж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн явдал нь 1966–1976 оны Соёлын хувьсгалаас хойш “CMC”-ийн бүрэлдэхүүнд байсан генерал албан үүргээсээ огцорсон хоёр дахь тохиолдол болж байна.
Жан Юшиа 1950 оны долдугаар сард Бээжин хотод төрсөн. Түүний гэр бүл Шэньси мужийн Вэйнань хотын Яньтоу тосгоноос гаралтай. Аав нь болох Жан Жуншүнь Иргэний дайны үед Коммунист намын генерал байсан тул хүү нь хунтайж гэж тодорхойлогдох болсон. Энэ нь Иргэний дайны үед тулалдаж явсан дайчдын үр хүүхдийг тодорхойлдог нэршил аж. Жан Юшиагийн аав болон Ши Жиньпиний аав Ши Жуншүнь нар хоёулаа Шэньси мужийн Вэйнань мужаас гаралтай бөгөөд Нэгдүгээр хээрийн армид алба хааж байжээ. Жан Жуншүнь Мао Зэдунтай хамт 1927 оны Намрын ургац хураалтын бослогод оролцож, 1934–1936 оны хооронд үргэлжилсэн Урт жагсаалын ахмад дайчин байв.
Иргэний дайны үеэр түүний аав Нэгдүгээр хээрийн армийн командлагч байсан бол Ши Жиньпиний аав Ши Жуншүнь улс төрийн комиссар байжээ.
Жан Юшиа Бээжингийн Жиншань сургуульд сурч байжээ. Дараа нь 1968 онд буюу 18 насандаа армид элсэж, 2012 оны сүүлээр Ардын армийн шинэчлэлийн ажил эрчимжиж байх үед албан тушаал ахиж, цэргийн комисст элссэн. 2023 оны сүүлээр түүний тухай Пентагоны танилцуулгад Жан Юшиа ердийн цэргийн дадлагын дагуу 2022 онд 72 насандаа тэтгэвэрт гарах төлөвтэй байсан гэв. “Гэсэн хэдий ч түүнийг ‘CMC’ гурав дахь удаагаа албан тушаалд үлдээсэн нь Ши Жинпиний дотно, туршлагатай холбоотноо цэргийн дээд зөвлөхөөрөө байлгах хүслийг илэрхийлж байгаа байх” гэж Пентагоны тухайн жилийн Хятадын цэргийн талаарх тайланд дурдсан байна.
ДАЙНЫ ТУРШЛАГА

Хятад, Вьетнамын дайны суртал ухуулгын зураг
Жан Юшиа 1979 онд болсон цуст хилийн дайнд оролцсон. Тухайн үед Вьетнам өмнөх жил нь Камбожид халдан орж, Бээжингийн дэмжлэгтэй Кхмер Ружийн дэглэмийг түлхэн унагасан. Үүний хариуд Хятад энэ дайныг эхлүүлсэн юм. Тэр үед Жан ердөө 26 настай байсан бөгөөд Вьетнамын цэргүүдтэй тулалдахаар фронтын шугамд илгээгдсэн байна. Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрбээр сайн тулалдаж, богино хугацаанд дэвшсэн аж. Мөн тус мөргөлдөөн үргэлжилж байх үед Жан Юшиа 1984 онд Вьетнамтай болсон өөр нэг хилийн мөргөлдөөнд оролцжээ. “Довтолж байсан ч, хамгаалж байсан ч бай, тулааны үеэр Жан Юшиа маш сайн оролцож байсан” гэж Хятадын Залуучуудын өдөр тутмын албан ёсны сонин 2017 онд “Эдгээр Хятадын генералууд дайсныг тулааны талбарт устгасан” гарчигтай нийтлэлдээ бичсэн байв.
Зарим Хятад судлаачид Жан Юшиаг ямар ч мөргөлдөөнд цэргийн тактик, зэвсэг, хүчний хэрэгцээг чадварлаг гүйцэтгэж байсан дайны урлагийг эзэмшсэн нэгэн ч гэж тодорхойлдог байна.
Тэрбээр 1997 онд хошууч генерал, 2007 онд дэслэгч генерал цол хүртсэн байна. Мөн 2007 онд Хятадын Коммунист намын Төв хорооны гишүүн болсон. 2011 оны долоодугаар сард генерал цолд дэвшжээ. 2012 онд болсон Намын 18 дугаар их хурлын үеэр Жан Юшиа өндөр технологийн зэвсэг, цэргийн техник хэрэгслийн судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлнэ гэж амласан байна. Улмаар Ерөнхий зэвсэглэлийн газрын даргаар томилогдсон бөгөөд уг байгууллага нь хожим Жан Юшиа өөрөө удирдсан Тоног төхөөрөмжийн хөгжлийн газраар солигдсон юм. Мөн 2012 оны арваннэгдүгээр сард Ардын чөлөөлөх армийн “дөрвөн том газар”-ын дарга нарын нэгийн хувьд уламжлал ёсоор Төв Цэргийн Зөвлөлийн гишүүнээр томилогджээ.
Тоног төхөөрөмжийн хөгжлийн газрын даргын хувьд тэрбээр мөн Хятадын сансрын нислэгийн хөтөлбөрийг удирдаж, “Шэньжөү-10” сансрын хөлгийн ахлах нислэгийн удирдагчаар ажилласан байв.
НӨЛӨӨ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНААС СЭЖИГТЭН

Жан Юшиа 2025 оны арваннэгдүгээр сараас хойш олон нийтийн өмнө харагдахаа больсон. 2026 оны нэгдүгээр сарын 24-нд Хятадын Үндэсний батлан хамгаалах яам Жан Юшиа болон Лю Жэньлиг шалгаж эхэлснээ зарласан. Хэвлэлүүдийн мэдээлснээр Жан нэгдүгээр сарын 19-нд баривчлагдсан байна. Хэд хоногийн дараа Коммунист намын дээд удирдлагуудад түүний хэргийн талаар мэдээлжээ.
Жан Юшиаг авлига авсан, ойрын хүрээлэл, гэр бүлээ хянаж чадаагүй, мөн асуудлыг намын удирдлагад цаг тухайд нь мэдээлээгүй гэж буруутгасан байна.
Хятадын армийн албан ёсны сонин Жан Юшиа нь Ши Жиньпиний удирдлага доорх цэргийн командлалын тогтолцоог ноцтойгоор эвдсэн гэж бичсэн байв. Энэ нь өмнө нь шалгагдаж байсан бусад генералуудаас ч илүү хүнд хэрэг гэж тодорхойлогдож байна. Зарим шинжээчид Жан Юшиаг 2023 онд илчлэгдсэн Пуужингийн авлигын хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Учир нь тэрбээр эл үед цэргийн бүхий л тоног, төхөөрөмжийн асуудлыг хариуцаж байсан.
Жан Юшиа бол Ши Жиньпин өөрийн биеэр Төв цэргийн зөвлөлд томилсон зургаан генералын нэг байсан.
Гэвч Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд бараг бүгд нь албан тушаалаасаа халагдаад байна. Гэхдээ Жан Юшиагийнх бол тус улсын цэргийн түүхэнд байгаагүй хамгийн том хэрэг юм. “Wall Street Journal” сонинд бичсэнээр, цэргийн дээд удирдлагуудад Жан Юшиаг нууц улс төрийн бүлэглэл байгуулсан, их хэмжээний хахууль авсан, Ли Шанфуг батлан хамгаалахын сайд болгоход дэмжсэн, мөн Хятадын цөмийн зэвсгийн чухал мэдээллийг АНУ-д задруулсан байж болзошгүй гэж тайлбарлаж буй. Мөн Жан Юшиагийн өмнөх удирдлагын ажил, ажиллаж байсан бүс нутгуудыг шалгаж эхэлжээ. Тэр дундаа түүний өмнө нь ажиллаж байсан цэргийн бүсийг шалгах тусгай багыг Ши Жиньпин илгээсэн байна.
Өмнө нь Жан Юшиа Ши Жиньпинтэй маш ойр харилцаатай байсан. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хооронд зөрчил гарч эхэлсэн байна. Жан Юшиа нам доторх нэг бүлэглэлтэй холбоотой байсан бол Ши Жиньпин өөр бүлэглэлд ойр байсан гэгддэг. Энэ нь Жан Юшиагийн уналтад нөлөөлсөн байж магадгүй юм.