ХҮМҮҮС
Цахиурын хөндийн амжилтад хүрсэн түүхүүд дундаас нэгэн түүх урам зориг, итгэл найдварыг илэрхийлдэг. Калифорни мужийн Ист-Бэйд өссөн бяцхан охин виртуал тэжээвэр амьтдын тоглоомд хожихын тулд компьютерын код бичиж эхэлжээ. Энэ нь түүнийг хэдхэн жилийн дараа олон тэрбум ам.долларын үнэлгээтэй “AI” компанийн үүсгэн байгуулагч болгосон юм. “NEWS” агентлагийн “ХҮМҮҮС” буландаа “Scale AI” компанийн хамтран үүсгэн байгуулагч Люси Гуог онцолж байна.
Люси Гуо 2025 онд дэлхийн хамгийн залуу, өөрийн хүчээр хөрөнгөжсөн эмэгтэй тэрбумтнаар тодорч, поп од Тейлор Свифтийг ардаа орхисон юм. Гэхдээ тэрбумтан болсон ч Гуо үнэтэй брэндийн ардаас улаарахын оронд оронд “Shein”-ээс хувцас авч, “Honda Civic”-ээрээ бизнес уулзалтад ирдэг хэвээрээ байгаа хэмээн хэвлэлүүд онцолж байв.
Түүний түүх технологийн ертөнцөд домог болохын тулд заавал бусдын адил байх шаардлагагүйг харуулдаг гэж хэлж болно. Мөн заримдаа бага зэрэг этгээд байх, яг зөв мөчид их сургуулиа орхих нь, хамгийн гол нь мөнгөө хэмнэх зуршлын ачаар амжилтад хүрч болдгыг харуулсан гэлтэй.
НЕОПЕТС БА АНХНЫ “БИЗНЕС”
Люси Гуо 1994 оны аравдугаар сарын 14-нд төрж, Сан-Францискод өссөн. Зарим мэдээллээр, Люси Калифорнийн Фремонт болон ойролцоох Плезантон хотод өссөн гэдэг. Эдгээр хотод “Silicon Valley”-ийн технологийн салбарын хамаг том тоглогчид байдаг бөгөөд энэ нь Люсиг уг салбарт сонирхолтой болгосон байж магадгүй. Түүнчлэн түүний эцэг эх мөн адил инженерүүд байжээ. Хятадаас АНУ-д цагаачилсан аав, ээж нь цахилгааны инженерээр ажиллаж, хүүхдүүддээ илүү сайн ирээдүйг бий болгохын тулд ихээхэн золиос гаргасан байна.
Тиймээс тэдний гэр бүлд боловсрол гэдэг зүгээр нэг сонголт биш, амьдралын гол зорилго байв. Эцэг, эх нь эх орноо орхин Америкт ирсэн гол шалтгаан нь өөрсдөд нь байгаагүй боломжийг үр хүүхдүүддээ олгох явдал байжээ.
Гэвч Люсигийн технологийн ертөнцөд хийсэн анхны алхам сургуулийн ширээн дээр бус, цахим тэжээвэр амьтдын тоглоомын ертөнцөд тавигджээ. Тэрбээр бага ангиасаа, бүр хоёрдугаар ангиасаа компьютерын программчлалыг бие даан сурч эхэлсэн байна. Зорилго нь “Neopets” тоглоомд өөртөө давуу байдал бий болгох байсан аж.
2000-аад оны эхэн үед маш алдартай байсан уг тоглоомд хэрэглэгчид виртуал амьтан тэжээж, эд зүйлс худалдаалах боломжтой байв. Люси уг тоглоомд дурлаж, тоглоходод ашиглаж болох автомат программ буюу бот бичиж эхэлсэн байна. Яваандаа виртуал эд зүйлсийг бодит мөнгөөр зарж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Цахиурын хөндийн нэгэн охины унтлагын өрөөнд виртуал “далд зах” ажиллаж эхэлсэн. Энэ нь өнөөгийн хэллэгээр түүний анхны, гарааны бизнес байжээ.
КАРНЕГИ МЕЛЛОНЫГ ОРХИХ ШИЙДВЭР
Люси ахлах сургуулиа төгсөөд Питтсбург хотын Карнеги Меллон их сургуульд компьютерын шинжлэх ухаан болон хүн-компьютерийн харилцааны чиглэлээр суралцжээ. Гэхдээ түүний хувьд жинхэнэ “сургууль” лекцийн танхимд бус, хакатонд оролцсон явдал байв.
Хакатон гэдэг нь богино хугацаанд, ихэвчлэн ганц хоёр хоногийн дотор шинэ программ, бүтээгдэхүүн бүтээх гэж өрсөлддөг технологийн тэмцээн юм. Люси ийм тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, программчлалаас гадна бүтээгдэхүүний дизайн хэрхэн хийхийг сурчээ.
Түүний хувьд хурдан байх нь ялалтанд хүрэхэд хангалтгүй байв. Хэрэглэгчдэд таалагдахуйц, өнгө үзэмжтэй, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн бүтээх нь ялалтын гол түлхүүр байлаа. Люси хакатонд оролцохын хэрээр олж авсан мэдлэг нь их сургуулийн хичээлээс илүү хэрэгтэй гэж үзэх болжээ. Улмаар төгсөхөд нь ердөө нэг жил орчим, найман хичээл үлдсэн байхад тэр сургуулиа орхих шийдвэр гаргасан байна. Учир нь Люси “Thiel Fellowship” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан аж.
“PayPal”-ийг хамтран үүсгэн байгуулагч Питер Тилийн байгуулсан уг хөтөлбөр нь залууст их сургуулиа орхиж, өөрсдийн бизнесээ байгуулахад туслах санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
Тус хөтөлбөрийн төгсөгчдийн дунд “Ethereum”-ийг бүтээгч Виталик Бутерин, “Figma”-г үүсгэн байгуулагч Дилан Филд зэрэг нэр хүндтэй технологийн салбарынхан бий. Гэхдээ Люсигийн эцэг, эх их сургуулиа хаях шийдвэрийг нь таатай хүлээж аваагүй.
Тэд хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд Хятадаас АНУ-д ирсэн байхад охин нь диплом авахад ердөө ганцхан жил үлдсэн үедээ сургуулиа орхиж байгаа нь хүнд цохилт болжээ.
Тэд охиноо эцэст нь ажилгүй, мөнгөгүй үлдэж магадгүй хэмээн санаа зовж байжээ. Харин Люси үүнийг өөрөөр харж байв.
Түүний хувьд энэ бол сохор эрсдэл бус, өөртөө хийсэн тооцоотой хөрөнгө оруулалт байлаа. Тэр өөртэй нь адил “боломжгүй зүйлийг боломжтой” гэж харж чаддаг хүмүүсийн дунд өөрийгөө сорихоор шийджээ.
“SNAPCHAT”-ИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ДИЗАЙНЕР
Люсигийн анхны бизнес хиймэл оюун ухаантай огт холбоогүй байв. Тэрбээр их сургуулийн оюутны холбоод, тэр дундаа эмэгтэй оюутнуудын хоол, нарийн боов худалдаалах арга хэмжээгээр дамжуулан хөрөнгө босгоход туслах платформ бүтээжээ. Энэ нь бидний мэдэх хоол хүргэлтийн платформтой төстэй байсан ч хүнсний аюулгүй байдлын зохицуулалттай холбоотой асуудлын улмаас төсөл нь зогссон байна.
Ийнхүү хувийн бизнесийн хатуу дүрэмтэй анх танилцжээ. Үүний дараа Люси “Facebook”-т программ хангамжийн инженерийн дадлагажигчаар ажиллаж, улмаар “Quora”-д бүтээгдэхүүн дизайнераар ажилласан байна.
Тэнд тэрбээр хожим “Scale AI”-ийг хамтран байгуулах инженер Александер Вантай танилцжээ.
Дараа нь Люси “Snapchat”-д ажиллах болж, компанийн анхны эмэгтэй бүтээгдэхүүний дизайнер болжээ. Эл үедээ тэрбээр хожим “Snap Maps” болсон платформ дээр ажилласан байна. Ингэснээр их сургуулиа төгсөлгүй орхисон залуу бүсгүй хэдхэн жилийн дотор технологийн салбарын томоохон компаниудын анхаарлыг татсан байв.
ТЭРБУМЫН ЭХЛЭЛ БОЛСОН ХУВЬЦАА
Люси 2016 онд Александер Вантай хамтран “Scale AI” компанийг байгуулжээ. Тэдний бизнесийн санаа маш энгийн байв. Хиймэл оюун ухаан хөгжүүлэхийн тулд маш их хэмжээний мэдээлэл хэрэгтэй. Тэр мэдээллийг компьютерт ойлгуулахын тулд хүмүүс зураг, текст, видео зэрэг мэдээллийг ангилж, тэмдэглэж өгөх шаардлагатай байдаг.
“Scale AI” энэ ажлыг бусад компаниудад хийхэд нь туслах технологи бүтээжээ. Эхэндээ энэ нь хиймэл оюун ухааны салбарын хамгийн сонирхолтой ажил биш байсан. Гэсэн хэдий ч “AI” салбар хурдацтай хөгжихийн хэрээр ийм үйлчилгээний эрэлт огцом нэмэгдсэн байна.
Гэвч Люси “Scale AI”-д удаан ажиллаагүй. Тэрбээр 2018 онд компаниа орхижээ. Хожим Люси нэгэн ярилцлагадаа,Вантай компанийн цаашдын зорилго болон ажлын соёлын талаар санал зөрөлдсөн гэж тайлбарласан байдаг. Харин зарим мэдээллээр Люсиг компаниас шахан гаргасан гэх нь бий.
Гэхдээ тэр нэг чухал шийдвэр гаргасан нь компани дахь хувьцаагаа зараагүй явдал байв.
Люсигийн эзэмшилд компанийн ойролцоогоор 5-6 хувийн хувьцаа үлдсэн гэж мэдээлдэг. Тухайн үед хувьцаагаа хадгалах шийдвэр тийм ч онцгой харагдаагүй байж болох юм. Гэвч дараа дараагийн жилүүдэд “Scale AI”-ийн үнэлгээ эрчимтэй өсөж эхэлжээ. “Meta” 2025 онд “Scale AI”-д ойролцоогоор 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, компанийн 49 хувийг эзэмшихээр болсон байна. Үүний дараа “Scale AI”-ийн үнэлгээ ойролцоогоор 25 тэрбум ам.долларт хүрчээ.
Ингэснээр Люсигийн олон жилийн турш хадгалсан компанийн хувьцааны үнэ огцом өссөн байна.
“Forbes”-ийн мэдээлснээр түүний хувьцаа нэг тэрбум ам.доллар давсан аж. Ийнхүү 30 настай Люси Гуо дэлхийн хамгийн залуу, өөрийн хүчээр хөрөнгөжсөн эмэгтэй тэрбумтан болсон байна. Тэр энэ үзүүлэлтээрээ 2023 оноос хойш жагсаалтыг тэргүүлж байсан Тейлор Свифтийг ардаа орхижээ.
Гуо өөрийг нь баяжуулсан компаниа олон жилийн өмнө орхисон. Харин компанид үлдээсэн хувьцаа нь хожим тэрбумын хөрөнгө болсон юм.
ТЭРБУМТАН Ч АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ӨӨРЧЛӨӨГҮЙ
2025-2026 оны тооцоогоор Люсигийн нийт хөрөнгө 1.25-1.5 тэрбум ам.доллар хүрчээ. Түүний хөрөнгийн хамгийн том эх үүсвэр нь “Scale AI” компанийн хувьцаа юм. Үүнээс гадна Люси өөрийн байгуулсан хоёр бизнестэй. Нэг нь “Backend Capital”, нөгөө нь “Passes” юм.
Гуо 2019 онд “Backend Capital” хөрөнгө оруулалтын санг байгуулж, ирээдүйтэй гарааны компаниудад эрт үеэс нь хөрөнгө оруулж эхэлсэн байна. Тус сангаар дамжуулан санхүүгийн технологийн “Ramp”, мөн “Anthropic”, “Pave” зэрэг компаниудад хөрөнгө оруулжээ. Жишээлбэл, “Ramp”-д хийсэн эрт үеийн хөрөнгө оруулалт нь хожим компанийн үнэлгээ өсөхөд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болсон байна.
Харин “Passes” бол Люсигийн өөрийн байгуулж, одоо удирдаж буй компани юм. Тэрбээр 2022 онд энэхүү платформыг эхлүүлсэн бөгөөд сошиал орчинд олон дагагчтай хүмүүс өөрсдийн контент, захиалга, шууд дамжуулалт, цахим бүтээгдэхүүн болон бусад үйлчилгээгээрээ шууд орлого олох боломжийг олгодог. Тэрбумтан болсон нь Люсигийн өдөр тутмын амьдралыг төдийлөн өөрчилсөнгүй.
Тэр залуудаа “FIRE” буюу “санхүүгийн хувьд бие дааж, эрт тэтгэвэрт гарах” үзэл санааг сонирхож эхэлсэн бөгөөд аль болох бага зардлаар амьдрахыг эрхэмлэдэг байжээ.
Тухайлбал, хөрөнгө нь 10 сая ам.доллароос давсан хойноо ч “McDonald’s” идэж, үнэгүй нислэгийн боломж хайдаг байсан тухайгаа ярьсан байдаг.
Одоо тэрбумтан болсон ч “Shein”-ээс хувцас авч, “Honda Civic” унадаг гэжээ. Өөрөөр хэлбэл, асар их хөрөнгөтэй болсон ч үнэтэй машин, тансаг цаг, брэндийн цүнх зэрэгт мөнгөө үрэх сонирхол түүнд төдийлөн байдаггүй. Люси эдгээрийг баялгаа бусдад харуулах шаардлагагүй гэж үздэг. Түүний бодлоор, үнэтэй зүйлээр өөрийгөө гайхуулах нь заримдаа хүмүүс өөрийнхөө амжилтыг бусдад батлах гэсэн оролдлого байдаг. Харин жинхэнэ хөрөнгөтэй хүн өөрийгөө баян гэдгээ харуулах шаардлагагүй.
Тиймээс Люсигийн хувьд тэрбумтан болно гэдэг нь амьдралын хэв маягаа заавал өөрчлөх шалтгаан биш юм.
ХУВИЙН АМЬДРАЛ НЬ НУУЦ ХЭВЭЭР
Люси хувийн, тэр дундаа хайр дурлалын амьдралаа олон нийтээс нэлээд нууцалдаг. Түүний нөхөр, хүүхэдтэй эсэх талаар олон нийтэд баталгаатай мэдээлэл бараг байдаггүй. Орчин үеийн технологийн салбарын оддын дунд энэ нь харьцангуй ховор үзэгдэл. Түүний хөрөнгө, хуучин компанид эзэмшдэг хувьцааны хэмжээ хүртэл ил тод яригддаг ч амьдралынх нь бусад хэсэг олны нүднээс хол хэвээр.
Эцэст нь…
Люси Гуогийн түүх тэрбумтаны тухай бидний мэддэг уламжлалт түүх биш. Тэр өөрийг нь баяжуулсан компанийнхаа гүйцэтгэх захирал биш. Тэр компаниас мөнгө орж ирэхээс олон жилийн өмнө гарсан. Тэр тансаг амьдрал хөөцөлддөггүй. Түүний бизнесийн анхны алхам гаражид бус, виртуал тэжээвэр амьтдын тоглоомын ертөнцөд тавигдсан юм.
