Энэ долоо хоногийн фото сурвалжлагаараа Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 төвийн эмч, жолооч нарын нэг шөнийн ажлыг сурвалжлан хүргэж байна. Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн баг нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэдэд 24 цагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Нэг хоногт дунджаар 1100- 1400 орчим дуудлага хүлээн авдаг байна. Баярын өдрүүдэд буюу оргил ачааллын үеэр 24 цагт 2200 орчим дуудлага бүртгэгддэг гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч Б.Дөлгөөнбаяр “Түргэн тусламжийн эмч нар маань хоногийн 24 цагт ямар ч шалтгаан нөхцөлөөс үл хамаарч иргэн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Иргэнд тулгарсан өвчнийг яаралтай оношилдог, бүх төрлийн эмчилгээг газар дээр нь үзүүлэх чадамжтай эмч, жолооч нар хамтарч ажилладаг. Иргэний амь нас минут секундээр хэмжигдэх үе ч байдаг тул маш хариуцлагатай ажил” гэдгийг хэлж байлаа. Тэрбээр дөрөв дэх жилдээ энхийн манаанд зогсож байна.















































