АНУ Европын хобооноос импортолдог автомашин, ачааны машинд ногдуулдаг тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлж байна. Европын холбоо нь АНУ-тай байгуулсан хоёр талын худалдааны гэрээг биелүүлэхгүй байна гэж Трамп үзжээ.
Тэрбээр энэ тухайгаа жиргэхдээ “Европын холбоо харилцан тохиролцсон худалдааны гэрээгээ биелүүлэхгүй байгаа тул ирэх долоо хоногоос тус бүсээс АНУ-д орж ирж буй автомашин, ачааны машинд ногдуулах тарифыг нэмэгдүүлэх болсноо баяртайгаар мэдэгдэж байна. Тарифыг нэмэгдүүлэх нь Европын холбооны компаниудыг үйлдвэрлэлээ АНУ руу хурдан шилжүүлэхэд шахалт үзүүлэх зорилготой.
Хэрэв улс орнууд автомашинаа АНУ-д үйлдвэрлэвэл ямар ч тариф ногдуулахгүй” гэжээ.
Трампын засаг захиргаа өнгөрсөн жил байгуулсан худалдааны гэрээний дагуу Европын холбооны автомашинд ногдуулах тарифыг 15 хувь болгож бууруулсан байсан. Үүнээс өмнө Европын холбооны автомашинд 27.5 хувийн татвар ногдуулдаг байжээ.
Трампын мэдэгдсэнээр АНУ-ын нутаг дэвсгэр дээр 100 тэрбум ам.доллараас давсан өртөг бүхий автомашины үйлдвэрүүд хэд хэд баригдаж байгаа аж. Тэрбээр “Энэ бол түүхэн дээд үзүүлэлт. Өмнө нь ийм зүйл огт байгаагүй. Япон, Өмнөд Солонгос, Канад, Мексик зэрэг олон орон үйлдвэрээ барьж байгаа. Америк ажилчидтай эдгээр үйлдвэр удахгүй ашиглалтад орно” гэжээ.