Украины эрчим хүчний сайд асан авлигын хэрэгт буруутгагджээ

Герман Галущенко Володимир Зеленскийтэй зогсож байгаа нь

Украины эрчим хүчний сайд асан Герман Галущенко улсаасаа оргон зайлах гэж байхдаа баривчлагдсан гэж албаныхан мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн жил авлигын дуулианд нэр холбогдсоны дараа албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Украины хэвлэлд мэдээлснээр, Галущенко гал тэргээр хил давах гэж байхдаа саатуулагдсан байна. Одоогийн байдлаар аль улс руу явах гэж байсан нь тодорхойгүй байна.

Түүнийг Украины эрчим хүчний салбараас ойролцоогоор 100 сая ам.доллар шамшигдуулсан хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа юм.

Энэхүү авлигын хэрэг ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн засаг захиргаанд томоохон дарамт учруулсан. Учир нь Оросын түрэмгийлэл эхлэхээс ч өмнө тэрбээр авлигатай тэмцэнэ гэж амласны үндсэн дээр ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Түүний ойрын зөвлөх байсан ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак мөн энэ хэрэгт холбогдсон. Түүний гэрт нэгжлэг хийсний дараа албан тушаалаасаа огцорсон юм. Үүнээс гадна, Украины өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт нэр холбогдож байгаа нь  тус улсад сонгууль явуулахыг шаардаж буй АНУ-ын шахалтыг нэмэгдүүлжээ. 2022 онд түрэмгийлэл эхэлснээс хойш Украины үндсэн хуулийн дагуу дайны үед сонгуулийг түдгэлзүүлээд байгаа юм.

Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо (Nabu) мэдэгдэлдээ, хуучин сайдыг “улсын хил нэвтрэх үед” нь баривчилсан гэжээ. Албан ёсоор нэрийг нь дурдаагүй ч Украины хэвлэлүүд Галущенко гэж мэдээлсэн. Тэрбээр гурван жил эрчим хүчний сайдаар ажилласан бөгөөд дараа нь богино хугацаанд хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард огцорсон. Түүний залгамжлагч Светлана Гринчук мөн энэ хэрэгт нэр холбогдон огцорсон байна.

Мөрдөн шалгах байгууллагуудын мэдээлснээр хэд хэдэн хүн Украины эрчим хүчний салбараас, тэр дундаа улсын цөмийн эрчим хүчний компани “Energoatom”-оос мөнгө шамшигдуулсан хэрэгт оролцсон байна.

Улмаар Галущенко болон бусад хүмүүс засгийн газрын гэрээт компаниудаас 10-15 хувийн “хахууль” тогтмол авч байсан гэж буруутгагдаж байна. Мөн их хэмжээний бэлэн мөнгө угааж, Украин улсаас гадагш, тэр дундаа Орос руу шилжүүлсэн гэж “Nabu” мэдэгджээ. Албаныхан мөн бэлэн мөнгө дүүрэн уутнуудын зургийг нийтэлсэн байна. Галущенко өөрийгөө хамгаалж, буруутгалыг няцаана гэж өмнө нь мэдэгдэж байжээ.

Өмнө нь ерөнхий сайдын орлогч асан Олексий Чернышов өмнө нь “хууль бусаар хөрөнгөжсөн” гэх хэрэгт буруутгагдаж баривчлагдсан. Мөн ерөнхийлөгч Зеленськийгийн өмнө нь хамтран эзэмшдэг байсан “Kvartal 95” телевизийн студийн хамтран эзэмшигч бизнесмен Тимур Миндич сэжигтнээр нэрлэгдсэний дараа дүрвэсэн байна. Орос улс хүйтний эрч нэмэгдэхээс өмнө Украины эрчим хүчний дэд бүтцэд халдлагаа эрчимжүүлж байсан үед дээрх авлигын хэрэг илчлэгдэж эхэлсэн. Улмаар украинчуудын дургүйцлийг ихэд төрүүлсэн. Мөн Украин улс сүүлийн жилүүдэд авлигын асуудалтай илүү хүчтэй тэмцэж эхэлсэн юм. Учир нь авлигатай тэмцэх нь Европын холбоонд элсэхэд тавигдах гол шаардлагуудын нэг аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн