АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай худалдаа хийдэг улс орнуудад нэмэлт тариф ногдуулж магадгүй тухай захирамжид Баасан гаригт /2026.02.06/ гарын үсэг зуржээ. Чухам хэдэн хувийн тариф гэдгийг тодорхой дурдаагүй ч гэлээ 25 хувийг жишээ болгон дурдсан байна. Иранаас шууд эсвэл шууд бусаар бараа, үйлчилгээ худалдаж авдаг, импортолдог, эсвэл ямар нэг байдлаар олж авдаг аль ч улсаас АНУ руу орж ирж буй бараанд тарифын нэмэгдэл хамаарна.
Трамп энэ оны эхээр 25 хувийн тарифын талаар цахим хуудсандаа анх мэдэгдэж байв.
Нөхцөл байдал өөрчлөгдвөл ерөнхийлөгч захирамжаа дахин өөрчлөх боломжтой гэж Цагаан ордон мэдэгджээ.
Баасан гаригт Оманд болсон хэлэлцээ сайн эхлэл болсон гэж Ираны тал дүгнээд буй. Тус хэлэлцээнд АНУ-ын талаас Трампын тусгай элч төлөөлөгч Стив Виткофф, Жаред Кушнер нар оролцсон бол Ираны талаас Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.
Трамп тус хэлэлцээний талаар мэдээлэл өгөхдөө “Яриа хэлэлцээ маш үр дүнтэй болсон. Иран хэлэлцээ хийхийг маш их хүсч байх шиг байна. Хэрвээ тэд хэлэлцээ хийхгүй бол үр дагавар нь итгэмээргүй байх болно” гэжээ.