Токиогийн Шибүяа дүүрэг дэх нэгэн жижиг номын санд зөвхөн украин хэл дээрх номууд байдаг. Тус номын сан нь 2022 онд Орос, Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо дүрвэсэн украинчуудад сэтгэлийн дэм болсоор иржээ. Япон эрэгтэйтэй гэрлэсэн украин бүсгүй Дариа Мүраками хэл соёлоо хамгаалах хүчтэй хүсэл эрмэлзлийн үүднээс уг номын санг 2022 онд нээсэн гэдэг.
Номын сангийн үйл ажиллагаа анх даруухан эхэлсэн боловч тогтвортой өсч, үргэлжилжээ. Өдгөө тус номын санд 1000 орчим ном бий. Уран зохиол, зурагт ном гээд бүх төрлийн номтой учир энд ирсэн зочид эх орон, хэл соёлтойгоо дахин холбогдож чаддаг.
Дариа 2014 онд Японд иржээ. Шинэ амьдрал эхлүүлэхээр шийдсэн Дариа япон хэл сурч, эцэст нь япон эрэгтэйтэй гэрлэсэн байна. Өдгөө тэр долоон настай охиноо өсгөхийн хажуугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд англи хэл зааж байна.
Японд 2000 орчим украин хүн оршин сууж буй бөгөөд тэдний дунд бага насны хүүхэдтэй ээжүүд олон бий. Мэдээж тэдний өдөр тутмын амьдрал ихэвчлэн тодорхойгүй байдал, санаа зовнил дунд өрнөдөг. Танил бус орчинд хүүхдээ өсгөж буй хүмүүсийн хувьд дайны тухай мэдээллийг өдөр тутамдаа олж харах, сонсох нь амаргүй байдаг.
Тиймээс Дариа өөртэйгөө ижил украин хүмүүст гэртээ байгаа мэт мэдрэмжийг өгөх зорилгоор энэ санаачлагыг анх гаргажээ.
Японы гамшигт өртсөн хүн ардад тусламж үзүүлдэг байгууллага болох Сэтгэцийн эрүүл мэнд, боловсролын агентлагуудын холбоо Орос, Украины дайн эхэлсний дараа украин дүрвэгчдэд тусламжийн гараа сунгасан. Тус холбооны тэргүүн Марико Үкиёо шинэ төсөлд нь гүүр болж ажиллах хүнийг хайснаар Дариатай анх уулзсан байна. Ингээд ном унших нь ганцаардлыг эмчилдэг гэсэн санаан дор тэд нэгдсэнээр тус номын сан нээгджээ.
Дариа анх 50 орчим ном худалдаж авч, байршуулсан байна. Гэтэл хүмүүс уг номуудыг шунамхайран уншиж эхэлсэн төдийгүй Окинава зэрэг хол хотуудаас ч зорьж ирэх болжээ.