ОХУ Кени улсын иргэдийг армидаа дахин элсүүлэхгүй гэж амлажээ. Тодруулбал, Кени улсын Гадаад хэргийн сайд Мусалиа Мудавади ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийснийхээ дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.
Украины хоёрдугаар сард тооцоолсноор, Африкын 36 улсын 1780 иргэн Оросын талд байлдаж байна. Харин Кенийн тагнуулын албаны мэдээлснээр, 1000 гаруй кени иргэн Украин руу дайнд явжээ.
Орос, Украины дайн 2022 онд эхэлснээс хойш Кремль гадаадын иргэдийг өргөн хүрээтэйгээр армидаа элсүүлсэн. Кени улсын иргэд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан гэдгийг Лавров мэдээлсэн. Гэсэн ч Кенийн гүйлтийн тамирчин Эванс Кибет үүнийг үгүйсгэж, хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр спортын тэмцээнд оролцохоор Орост ирсэн байхад нь армид элсэх гэрээнд хууран мэхлэх замаар гарын үсгийг нь зуруулсан гэж мэдэгдсэн байна.
Дашрамд дурдахад, ОХУ энэ сар гарсаар Украины 12 сууринг хяналтдаа авчээ. Генерал Валерий Герасимовын мэдээлснээр, ОХУ Украины зүүн хэсгийн Донецк мужийн хатуу хамгаалалттай хот болох Славянск руу идэвхтэй давшиж яваа аж. Тус хотыг Москва гол байнуудын нэгт тооцдог.