Монголын рок, амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуугаралт, үзэл санаагаа бүтээж, 22 жилийн турш уран бүтээлээ туурвиж яваа “The Lemons” хамтлаг энэ жил байгуулагдсаныхаа 22 жилийн ойн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэх гэж байна. 2004 онд байгуулагдсан тус хамтлаг 2006 онд “Red Album” нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш “Залуу Лениний ойролцоо 3 давхарт”, “III”, “Unplugged” зэрэг цомгоороо өөр өөр хөгжмийн өнгө аясыг эрэлхийлж ирсэн.
Тэдний уран бүтээлийн онцлог нь нэг хэв маягт баригдалгүй, цомог бүрдээ өөр өнгө, өөр хөгжмийн урсгалыг харуулдаг. Инди рок, пост-панк, альтернатив рок зэрэг урсгалын элементүүдийг уран бүтээлдээ шингээж ирсэн “The Lemons” энэ удаад “Shoegaze”, “Dream pop” чиглэлийг хослуулсан шинэ цомог болох “Stargazer”-ийг сонсогч, фэнүүддээ хүргэхээр тун завгүй ажиллаж байна.
Тэд шинэ цомгийнхоо эхлэл болгож “17:59” бүтээлийг саяхан цацсан бөгөөд шинэ цомгоо энэ оны арванхоёрдугаар сард гаргахаар төлөвлөжээ. Мөн 22 жилийн ойн тоглолтоо есдүгээр сарын 4-нд “SocialPay Park”-т хийхээр болсон бөгөөд энэ тоглолтын үеэр анхны бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарахаар бэлтгэж байна. Ингээд 22 жилийн түүх, шинэ цомог, ойн тоглолт болон уран бүтээлийнх нь зарчмын талаар “The Lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаяр, соло гитарчин А.Энхтулга нартай ярилцлаа.

-Юуны өмнө хамтлагийн 22 жилийн ойн баярын мэнд хүргэе.“The Lemons”-ийн шинэ уран бүтээл “17:59” гэдэг дуу цацагдсан. Шинэ цомгийн ажил хэрхэн үргэлжилж байна вэ?
-Ц.Одбаяр: Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Бидний шинэ цомгийн ажил 60 хувьтай үргэлжилж байна. Энэ оны 11, 12 дугаар сардаа багтаад, шинэ цомог маань гарчихна. Тоглолтоос өмнө гурван дуу сонсогч, олондоо хүргэнэ.
-А.Энхтулга: Манай хамтлагийн өмнөх гурван цомог дээр “Unplugged”-ийг оруулаад, дөрвөн цомог болно. Дөрвөн цомгоо өөр өөр хөгжмийн чиглэлээр хийсэн. Энэ удаагийн цомгийн хувьд “Shoegaze” болон “Dream pop” хольсон маягтай цомог байгаа. Бидний хувьд “Shoegaze” урсгалд дуртай. Мөн манай хамтлагийн хоёр дахь цомогт ийм өнгө аяс орсон дуунууд байдаг. Энэ удаагийн хувьд яг зорьж, бодож байгаад энэ 22 жилийн ой дээрээ тааруулж энэхүү цомгоо гаргаж байна.
-Удахгүй тоглолт нь болох гэж байна. Хэр догдолж байна?
-Ц.Одбаяр: Одоохондоо тайван л байна. Тоглолт дөхөөд ирэхээр, тайз руу гарах мөчид жаахан сонин болчихдог. Тайзан дээрээ гараад нэг, хоёр дуу дуулсны дараа тайвширчихдаг. Гэхдээ бас мэдэхгүй байна. Ойрд том тоглолт хийгээгүй.
-А.Энхтулга: 2015 онд гурав дахь цомгоо гаргахад манай хамтлагийн 11 жилийн ойтой давхцаж таарсан. Тэрнээс хойш цомог гарахгүй байж байгаад 10 жилийн дараа цомог хийхэд бас 22 жилийн ойн дээрээ таарч байгаа болохоор маш их догдолж байна.
-“The Lemons” хамтлаг байгуулагдаад хэдийнэ 22 жилийн хугацаа өнгөрсөн байна. Анх 2004 онд хамтлаг байгуулагдаж байсан үеийн дурсамжаа хуваалцагүй юу?
-Ц.Одбаяр: Хамтлагаа байгуулж байсан үеэ дурсахаар их сайхан санагддаг. Одоо дурсамжаа тээгээд л хүрээд ирлээ. Яг нэг дурсамжаа ярьвал, анхны “Playtime festival”-д тоглож байсан үе байсан санагдана. Мөн 2006 онд анхны цомог гарсны дараа 2007 онд өөрсдийн анхны тоглолтоо “UB Palace”-д хийж байсан. Тэр үед тайзны ард зогсч байхад догдлолтой, маш гоё мэдрэмж төрсөн. Дараа нь бид хамтлагаараа зураг даруулсан. Тэр үе хамгийн дурсамжтай байсан.
-А.Энхтулга: Хамгийн анх Жерри гээд манай хамтлагийн бөмбөрчин байсан. Тэр үед Одноо бид гурав анх танилцаж байсан юм. Мөн одоо манай тоглолтод оролцож байгаа Улсын филармонийн удирдаач Б.Анар төгөлдөр хуурчаар тоглуулах үүднээс бас анх танилцаж байсан. Манай Б.Анар ангийнхаа хоёр хүүхэдтэй гурвуулаа Анар гэдэг нэртэй. Бид гурав жазз хамтлаг тоглох гэж оролдон, хамгийн анх гурван Анар, Одноо, Жерри бид хэд нийлэн “The Lemons”-оо байгуулж байсан. Явцын дунд хүмүүс нь гарсаар байгаад А.Анар нь “Нисванис” хамтлагийн бөмбөрчин, Б.Анар нь Улсын филармонийн удирдаач, үлдсэн Д.Анар нь манай базз гитарчин болсон. Ингээд М.Өнөрбаяр (Өөжгий), Ц.Одбаяр (Одноо) бид хэд үлдсэн. Миний хувьд АНУ-руу 2018 онд явах болсноор Чүүгий (Д.Чинчулуун) гээд гитарчнаа өөрийнхөө оронд үлдээсэн. Одоо манай хамтлагийн үндсэн гишүүн болчихсон. Энэ удаад үндсэн бүрэлдэхүүнээрээ шинэ цомог гаргаад, 22 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна.
-“The Lemons” хамтлагийн хэв маяг анхнаасаа бусад амьд хөгжмийн хамтлагуудаас ялгардаг байсан. Та хоёрын хувьд тухайн үед тодорхой зорилготой байсан уу. Эсвэл зүгээр өөрсдийнхөөрөө одоогийн өнгө, төрхөө бүтээв үү?
-Ц.Одбаяр: Бид ийм л хөгжим тоглоно гэсэн зорилготой анхнаасаа нийлсэн. Бүгд нийлэхдээ яг адилхан сонирхолтой, адилхан хөгжмийн урсгал сонсдог байсан болохоор сонирхлоороо нийлэн нэг хамтлаг болон одоог хүртэл явж байна.

-Хамтлагийн нэрний хувьд яагаад “The Lemons” гэж нэрлэсэн бэ?
-Ц.Одбаяр: Тэр жаахан утгагүй юм болсон. Яг утга, учир бодож хамтлагийнхаа нэрийг өгөөгүй. Тэр үедээ “The Lemons” гэж өгөөд л одоог хүртэл явж байна даа.
-22 жилийн хугацаанд “The Lemons” хамтлагт олон бэрхшээл тулгарч байсан байх. Хамгийн хүнд үе нь хэзээ байсан бэ?
-Ц.Одбаяр: Хамгийн хүнд үе нь анх цуглараад цомгоо хийх гэж явсан үе. Мөн хөгжмийн зэмсэг зэргээ цуглуулах гэж явсан тэр үеийг л хэлэх байх. Заримдаа хүнд ч гэсэн адал явдалтай, дурсамжтай үеүд байсан.
-Уран бүтээлдээ баримталдаг гол зарчим юу вэ?
-Ц.Одбаяр: Зарчим гэх юм байхгүй дээ. Уран бүтээлээ урсгалаараа хийгээд дуугаа гаргаад л явдаг.
-А.Энхтулга: Гол зарчим рок хөгжим гэхээр дандаа урт үс, савхи өмссөн, гинж болсон хүмүүсийг боддог байсан. Анхнаасаа бидний хувьд тийм биш, энгийн хувцастай, хүн эффектүүд ашиглахгүйгээр яаж энгийнээр рок хөгжим тоглож болохыг харуулахыг хичээж ирсэн. Зарчим нь ерөнхийдөө энгийн байх. Мөн үзэл бодлын хувьд үнэнч байх. Ямар нэгэн нам дагах, шагнал улсаас авах зэрэг тийм юм байх ёсгүй гэж боддог. Ийм л зарчим барьдаг.

-Хэрэв “The Lemons” хамтлагийн түүхийг нэг дуугаар илэрхийлэх бол ямар дуугаар илэрхийлэх вэ?
-Ц.Одбаяр: Дуугаар илэрхийлвэл өөрийн хамтлагийн дуу болох “1983-86” илэрхийлнэ.
-А.Энхтулга: Өөрсдийн дуугаар илэрхийлвэл бас 1983-86-аар илэрхийлнэ. Энэ чинь бидний төрсөн оноор нэрлэсэн. Мөн Улаанбаатрын тухай ерөнхийдөө уур амьсгал оруулж дуулахыг зорьдог. Тэр утгаараа Улаанбаатарт төрсөн бас төрсөн оноороо нэрлэчихсэн болохоор энэ дуугаараа л илэрхийлэх байх.
-Шинээр гарч ирж байгаа амьд хөгжмийн хамтлагуудад өгөх зөвөлгөө бий юу?
-Ц.Одбаяр: Зөвлөх юм байхгүй дээ. Бүгд л гоё байсан.
-А.Энхтулга: Сонирхол нэгтэй хүмүүстэйгээ нийлвэл бага зэрэг урт хугацаа шаардагдах байх. Одоо ингээд харахад, ихэнх хамтлаг тарчихаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр, анхнаасаа үзэл бодол, яг юуны төлөө явж байгаа, нэг зорилготой хүмүүсээ олоорой. Мөн цомог хийхийн төлөө байх хэрэгтэй. Ерөнхийдөө ганц, хоёр дуу хийгээд л болиод байдаг. Бүтэн цомгоо хийнэ гэсэн төлөвлөгөөтэй явбал илүү гоё хамтлагууд төрөх байх.
-Эцэст нь, “The Lemons” хамтлагийг өдий хүртэл сонсч ирсэн үнэнч сонсогчдоо хандаж хэлэх үг?
-Ц.Одбаяр: Бидний 22 жилийн ой болж байна. Энэ жил ойндоо зориулаад тоглолтоо хийн цомог гаргах гэж байна. Миний хувьд энэ цомог минь их гоё цомог болж байгаа. Өмнөх цомгуудаас онцлог хийж байгаа. Бидний гаргадаг бүх цомог гоё болдог. Гэхдээ энэ цомог маань надад илүү таалагдаж байгаа.
-А.Энхтулга: Манай хамтлагийн одоог хүртэл сонсон, дэмжиж байгаад баярлалаа гэж хэлье. Манай тоглолт хамгийн гол нь хөгжмийн дугаралтдаа анхаарч байгаа. Хэр баргийн хүмүүс авч чаддаггүй. Буянгийн Жагаа ахынхаа хөгжмийг уулзаад авч тавихаар болсон. “Social Pay” паркд анх удаа тэр хөгжим тавигдана. Дугаралт маш сайн дугарна. Тоглолтод манай анхны гишүүдийн нэг филармонийн удирдаач Б.Анар эхний 10 дууг хүүхдийн найрал дуу болон оркестрын найруулгатайгаар шинээр хийж байгаа. Энэ тоглолтыг анхны бүрэн бүрэлдэхүүнээрээ хийж байгаа болохоор ирж үзээрэй.
Тэдний хөгжмөөр холбогдсон 22 жил
“The Lemons” 2004 онд байгуулагдсан цагаасаа хойш Монголын амьд хөгжмийн тайзнаа өөрсдийн гэсэн байр суурийг бий болгосон.
Тэдний “Хайртай”, “Цэнхэр нүд”, “1983-86”, “Шөнө дунд цас орж байна”, “Дөлгөөн”, “Monad”, “Сүүлчийн уянга”, “Paradise” зэрэг бүтээлүүд өнөөдөр ч сонсогчдын дунд дуулагдсаар байна. Хамгийн сонирхолтой нь 22 жилийн турш уран бүтээлээ туурвихдаа “The Lemons” хамтлаг цомог бүрдээ хөгжмийн шинэ өнгө эрэлхийлж, өөрсдийнхөө сонсох дуртай хөгжмийг Монголын сонсогчдод хүргэсээр ирсэн нь тэдний урт хугацаанд оршин тогтнох нэгэн шалтгаан байж болох юм.
С.УЧРАЛ