Улсын драмын эрдмийн театр гэх өндөр босготой их айлын үүдийг давж, эмэгтэй хүн бүрийн тэр дундаа жүжигчин эмэгтэй болгоны мөрөөдлийн дүр болох Жульеттагийн дүрийг амилуулж мөн “Жаргаагүй нар” “Тэнгэрийн хүү” “Би эндээс явахгүй” “Үнсгэлжин” “Норовын намтар” зэрэг цөөнгүй уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн. Мөн дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорьж чамгүй уран бүтээлч гэдгээ үзэгчдэдээ харуулж яваа жүжигчин Гантөмөрийн Номуунтай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд “Ромео Жульетта” жүжгээс сэдэвлэсэн Нина мазурын зохиол “Хатагтай Капульетта” жүжгээр 2016 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг, 2018 онд шилдэг залуу уран бүтээлч шагналыг тус тус хүртсэн.
–Өдрийн мэнд хүргэе. Гэр бүлээрээ орон нутагт жил гаруй хугацаанд амьдарч байгаад ирсэн. Хотод ирээд энэ онд анхны уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Сэтгэгдэл хэр байна.
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе ээ. “Хөх дөл” төслийн хүрээнд 2023 онд гэр бүлээрээ Баянхонгор аймгийн Галуут сумыг зорьж нэг жил 6 сар орчим хөдөө амьдраад өнгөрсөн онд хотод ирсэн. Энэ хугацаандаа “Хөх дөл” төслийн хүрээнд зохиолч, найруулагч гээд уран бүтээлчидтэйгээ хамтраад нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контент мөн хотын хүүхэд хөдөө очоод хэрхэн дасан зохицож байгаа тухай “Мөнхөө” баримтат кино гээд ганзага дүүрэн ирж, уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос улсад “Мөнхөө” баримтат киногоо нээсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаа манай амьдралд үнэхээр мартагдахааргүй дурсамж дүүрэн жил болж өнгөрч, түүх болон үлдлээ. Харин одоо бол гэгээн хайрын өдөрт зориулаад О.Итгэл найруулагч болон нөхөртэйгөө хамтран В.Краснагоровын “Хувь заяаны хүлээс” уянгын драмын жүжгээ хоёрдугаар сарын 12-ноос эхлээд 15-н хүртэл дөрвөн өдөр үзэгчдэдээ толилуулах гэж байна. Шинэ ондоо үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзаж байгаадаа маш их баяртай, догдлолтой байгаа. Өмнө нь 2019 онд энэхүү жүжгээ бас тоглож байсан. Тухайн үед тус жүжгээрээ Өмнөд Солонгос улсад хоёр хүний жүжгийн фестивальд амжилттай оролцож “special performance” шагнал хүртэж байсан. Мөн “Хөх дөл” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн зарим сумдын үзэгчдэдээ бас толилуулсан. Орон нутгийн үзэгчид маань маш сайхан хүлээж авч байсан.

Хоёрдугаар сарын 14-нд ер нь хэр ач холбогдол өгдөг вэ?
-Валентины өдөр бол миний хувьд маш чухал өдөр. Энэ өдөрт маш их ач холбогдол өгдөг, догдолж хүлээдэг. Яагаад гэхээр 2015 оны энэ өдөр манай хүн надад жүжгийн дундуур тайзан дээр гэрлэх санал тавьж байсан. Тухайн үед би маш том гэдэстэй жирэмсэн байсан. Тийм учраас жил бүрийн энэ өдөр хэзээ ч мартагдахааргүй хайр дүүрэн өнгөрүүлдэг өдөр.
Уран бүтээлч хүн ойлгодог, дэмждэг ханьтай байх нь хамгийн чухал юм шиг санагддаг.
–Тэгэлгүй яахав. Урлагийн хүмүүс маш цаг наргүй ажилладаг. Гэртээ, үр хүүхдүүддээ анхаарал хандуулах нь ховор байдаг. Тийм учраас хань ижил нь ойлгодог байх нь хамгийн чухал. Нөхөртэйгөө хамт уран бүтээл хийгээд явахад илүү амар байдаг. Одоо бараг харцаараа ойлголцоно гэдэг шиг л болж. Хүн амьдралын хань, мэргэжил хоёроо зөв сонгож чадвал амьдралынхаа 90 хувийг биелүүлэх нь тэр гэж хүмүүс ярьдаг. Манай хүн бас тэгж хэлдэг. Эмэгтэй хүн чинь хэцүү шүү дээ. Ар гэр, ажил мэргэжлээ зохицуулахад. Аль нэг нь хаягдах гээд байдаг. Миний хувьд бол нөхөр маань сайн ойлгоно, дэмжинэ, зааж зөвлөнө. Дээрээс нь манай аав, ээж нар бидний арыг маш сайн дааж ардаа санаа зовохгүй ажлыг минь хийлгэдэг. Гэр бүлийнхэндээ бас маш их баярладаг.
Урлагийн хүн болох замыг хэрхэн сонгосон бэ?
–Манай ээж драмын теарт хувцасны эрхлэгч хийдэг байсан. Тэр ч утгаараа би бараг ухаан орсон цагаасаа эхлээд л театрт өссөн гэж хэлж болно. Жүжигчдийг дэргэдээс нь харж сургуульд ороогүй байхдаа л “аан ингэж тоглодог юм байна, энэ зураасыг давж болохгүй юм байна” гээд хэн ч зааж өгөөгүй байхад хараад сурчихсан. Тэр битгий хэл 5,6 настай байхдаа 0 эгнээнд суугаад “Ромео, Жульетта” “Надаар тоглосон хайр” гэх мэт гайхалтай жүжгүүдийг үздэг байлаа. Тухайн үед Одноо эгч, Гэрэлсүх ах нарыг харж даган дуурайдаг байсан. Жульеттагийн бүх үгийг цээжилчихсэн. Гэртээ хариад дуурайж жүжиглэдэг байсан. Тэгээд л би урлагийн хүн болно гээд бүр багаасаа шийдчихсэн байсан. Сургуульд ороод хүртэл багш нартаа “би жүжигчин” болно гэж хэлдэг байсан. Хувийн хэрэгт хүртэл тэгж бичсэн байдаг. Бүр багаасаа хөлд, хэлд орохоос эхлээд л далд ухамсарт суучихсан юм шиг байгаа юм.

Ээж нь өөрөө теарт ажилладаг байсан болохоор жүжигчин мэргэжлийг сонгоход яаж хүлээж авч байсан бэ?
-Дээр хэлсэн бүр бага байхаасаа сэтгэл дотроо мэргэжлээ сонгочихсон байсан. Тэгээд сургуулиа төгсөөд жүжигчин болно гэсэн чинь ээж бүр тас зөрсөн. Эмэгтэй хүнд урлагийн мэргэжил хэрэггүй, цаг наргүй үнэхээр хэцүү. Би дэргэд нь байгаа хүн хэцүүг нь мэднэ гээд маш дургүйцсэн. Тэгээд би ээжээс өрөөд “би заавал жүжигчин болно” гээд СУИС-д шалгалт өгсөн. Тэгсэн тэнцээгүй. Тухайн үед манай гэрийнхэн “за ашгүй, энэ хүүхэд жүжигчин болохгүй нь” гээд бөөр баяр болоод, өөр мэргэжил сонго гэж байсан.
Тэгээд би хэлсэн “би заавал жүжигчин болно жүжигчин болох болохдоо улаан театрын жүжигчин болно” гээд.
Тухайн үедээ шалгалтандаа уначихсан учраас нэг жил өнжөөд дараа жил Соёл урлагийн их сургуульд шалгалт өгөөд тэнцээд Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшийнхаа шавь болж байлаа. Одоо ингээд багшийнхаа тухай ярихаар сэтгэл маш эмзэг байна. Уран бүтээлүүдээ туурвиад үзүүлэх байсан юм, юу гэж хэлэх байсан бол гээд маш их бодогддог болоод байна. Манай багш бид нарт эхлээд “хүн бай” гэж сургадаг байсан. Одоо эргээд бодоод байхад уран бүтээл дээр ч тэр амьдралд ч тэр маш их зүйл сургасан юм байна. Хүүхэд бүртэй тулж ажиллана. Сурахгүй байвал хэдэн арван удаа давтаж зааж өгнө сая нэг сурахаар “за боллоо” гэдэг байж дээ. Шавь нар нь үйл хэргийг нь үргэлжлүүлж, амжилттай явж байна. Багш “багш жүжигчин мэргэжлээр Доктор хамгаалсан анхны монгол хүн болно” гэж ярьдаг байсан. Докторын ажлаа хийж байгаад хараахан доктороо хамгаалж чадаагүй өөд болсон. Дутууг нь шавь нар гүйцээж байгаа.
Уран бүтээлийн хаанаас эхэлсэн бэ. Драмын теарт хэзээ, хэрхэн орж байсан юм бэ?
–Дөнгөж их сургуулиа төгсөөд Эмоци продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тухайн үед Эмоци продакшн байгуулагдаад удаагүй дандаа залуу уран бүтээлчид байсан учраас маш гал цогтой, шаргуу ажилладаг байсан. Би чинь Эмоци продакшнд зургаан сар ажилласан хэрнээ бараг 20 аймгаар аялан тоглолтоор явсан. Маш их зүйл сурч мэдэж авсан. Эмоци продакшнд ажиллаж байсандаа үнэхээр их баярладаг. Эмоци продакшнд ажиллаж байхдаа драмын теарт шалгалт өгч тэнцээд театр студийн жүжигчин мэргэжлээр анх орж байсан. Хоёр жил дагалдан хийсний дараа театрын жинхэнэ жүжигчин болж байсан. Жүжигчин хүн шинэ уран бүтээлд тоглох бүрт шинэ зүйл сурч байдаг. Жүжигчний мэргэжил бол дүүрч, ханана гэж байдаггүй гэж би боддог. Тэр дундаа сонгодог жүжигт тоглоно гэдэг бол дахин их сургууль төгссөн дайтай мэдлэг өгдөг дөө. Теарт өөрөө ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн хэлхээнд явдаг. Ахмад бүтээлчдээсээ суралцаж дунд, залуу үетэйгээ хамтарч зааж сургаж байдаг.
Таны хувьд Жульеттагийн дүрд тоглож байсан шүү дээ. Тухайн үед залуу уран бүтээлчийн хувьд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
– Жульеттагийн дүрд ажиллаж байхад үнэхээр сайхан байсан. Маш их сандарч, догдолж байсан. Тухайн үед шалгалт өгөөд тэнцсэн. Тэр үед надаас бусад уран бүтээлчид “Ромео, Жульетта” жүжигт маш олон удаа тоглочихсон байсан. Тэгээд би тэд нарын тоглолтыг баллаж болохгүй маш хариуцлагатай тоглож байсан. Гэхдээ л уран бүтээлчид найруулагчийнхаа заавраар тухайн үедээ хөнгөн амжилттай тоглосон.

Дэлгэцийн уран бүтээлүүдэд бас тоглож байсан. Анх уран бүтээлийн гараагаа дэлгэцийн уран бүтээлээс эхэлсэн үү?
-Нэг их олон дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй. Гуравдугаар дамжаанд байхдаа “Босго тотго” гээд кинонд тоглож байсан. Түүнээс хойш “Гурван найз” “Хавтаст хэрэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлд тоглосон байна. Тайз ч тэр дэлгэцийн уран бүтээл аль аль нь маш хариуцлагатай. Уран бүтээл бүрээс туршлага, мэдлэг хуримтлуулж байдаг.
“Хөх дөл” төслийг яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байв. Хөдөө амьдрахад ямар байсан бэ?
–Нөхөр бид хоёр хөдөө очиж амьдаръя, хүүхдүүдээ монгол ахуй, морь малд ойрхон байлгая үүний зэрэгцээ монгол ахуй, уламжлал, өв соёлоо харуулсан уран бүтээл хийе гээд “Хөх дөл” төслийг санаачлаад ярилцаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Анх ковидын үед энэ санаа төрсөн л дөө. Яагаад гэвэл нөхөр бид хоёр ковидын үед гурван хүүтэйгээ хөдөө гурван сар амьдарсан юм. Тэгээд хотод ирсэн чинь манай хүүхдүүд бүр маш өөр болсон байсан. Тэгээд л ер нь “хөдөө амьдраад үзвэл яасан юм бэ” гээд нөхөртэйгөө ярилцсан. Монгол хүн болж төрснийх монгол ахуй соёлоо мэддэг байх хэрэгтэй, түүнийгээ хүүхдүүддээ зааж сургаж, оюун санааны дархлаа суулгах нь зүйтэй юм байна гэж бодсон дээрээс нь бид хоёр чинь өөрсдөө жүжигчин хүн учраас хэрвээ монгол ахуй соёлоо харуулсан уран бүтээлд тоглохоор болвол зах зухаас нь мэддэг байх хэрэгтэй юм байна гэж бодсон учраас энэ бүхэн нөлөөлсөн. Миний хувьд өмнө нь огт хөдөө амьдарч байгаагүй дээрээс нь өөрийн хайрлаж, дурлаж сонгосон ажлаа, тайзаа орхиод явах сонголтыг хийхэд нэлээд хугацаа орсон. “Хөдөө очиж амьдрах уу” гээд нөхөртэйгөө ярилцаж эхлээд бараг хоёр жил болсон байх аа. Зориг хүрэхгүй олон эргэж буцсан. Ингэж хойшилсоор байгаад 2023 онд эхлүүлэхээр болж гэр бүлээрээ Баянхонгор аймгийг зорьж байлаа. Тухайн үед хүүхдүүд маань жаахан байсан, би өөрөө анх удаа хөдөө амьдарч үзэж байгаа дээрээс нь жирэмсэн байсныг ч хэлэх үү эхэндээ хэцүү санагдаж байсан ч сүүлдээ дасаад амьдраад байж болмоор санагдаж эхэлсэн.
Хотод буцаж ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Том хүү нь морь унаж сураад хурдан морь хүртэл унасан байсан. Хүүхдүүд нь одоо хөдөөгөө үгүйлж байна уу. Ер нь хөдөө очсон зорилго биелүүлж чадсан уу?
-Хүүхдүүд шинэ орчинд маш хурдан дасан зохицдог шинэ тутам зүйлийг бид нарын төсөөлснөөс ч илүү хурдан сурдаг юм билээ. Тухайлбал том хүү маань хөдөө байхдаа монгол гэртээ орж ирээд бохироод суучихдаг байсан. Гэтэл хотод ирчхээд өвөө эмээгийндээ очоод шууд үүдэнд нь бохироод суучихсан. Энэ мэт хийж буй үйлдэл зэргийг нь анзаараад байхад маш их өөрчлөлт гарсан. Одоо хөдөөгөө үгүйлнэ морь унах боломж олдвол байнга морь унадаг. Нөхөр бид хоёр том хүүтэйгээ морьт харвааны тэмцээнд орлоо. Хүү маань сэтгэл маш өндөр байгаа. Хүүхэд морь малтай ойрхон өсөх нь хүүхдийн төлөвшил бие бялдрын хөгжилд үнэхээр эерэг нөлөө үзүүлдэг юм билээ. Том хүү маань анх хөдөө оччихоод морь хөтлөөд явж байгаа хэрнээ “энэ чинь намайг дагаад байна шүү дээ” гээд айгаад байдаг байсан. Тэгээд мэдээж хөдөө очиж байгаа тэр дундаа аймгийн сайн малчин Ганбаатар гэдэг айлыг түшиж саахалт байсан. Мэдээж зүгээр суугаад байна гэж байхгүй. Хүүхдүүд дагаад л ажил хийнэ. Морь унаж хонь малд явдаг болсон. Тэр битгий хэл очоод нэг жил болоод хурдан морь унасан. Тухайн үед хэрэггүй ч зөвшөөрөв үү, болиулдаг ч юм билүү гээд маш их айж байсан. Миний хувьд хүүгээ хурдны морь унуулна гэдэг бол маш хүнд шийдвэр байсан. Миний хүү чинь хотын хүүхэд өмнө нь морь унах нь битгий хэл бараг цөөн харж байсан шүү дээ. Тэгээд л их насны морь унаад амжилттай барианд орсон. Тэр үед хүүгээрээ маш их бахархаж, самсаа шархирч байсан. Одоо бол манай гэр бүл боломж л олдвол хөдөө явдаг болсон.