Өвөө, эмээтэйгээ мал маллаж өссөн хүү өнөөдөр тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн өнгө төрхийг бий болгосон жүжигчин болжээ. Урлагийн замналаа Хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангаас эхлүүлж, хожим жүжигчний мэргэжлийг сонгосон тэрбээр Монголын хошин урлагийн “Маск продакшн”-д 2011 онд орж, өдгөө 15 жилийн турш уран бүтээлчээр ажиллаж байна. Жүжигчин Х.Цасчихэр инээдмийн бүтээлээр үзэгчдэд танигдсан ч өөрийгөө зөвхөн нэг төрлийн дүрээр хязгаарлахыг хүсдэггүй. Эерэг дүрээс гадна “action comedy” болон сөрөг дүр бүтээх хүсэлтэй гэдгээ ярьж, жүжигчний мэргэжлийн хамгийн хүнд, хэцүү мөчүүдээ ч нуусангүй. Түүний хувьд дүр бүтээх бүрдээ шинэ зүйл сурч, өөрийгөө сорьж явдаг. Түүний хамгийн сүүлд ажилласан уран бүтээл нь “Маск продакшн”-ы 20 жилийн ойд зориулсан “Сүүлчийн шилийн сайн эрс” адал явдалт, инээдмийн, түүхэн кино юм. Тэрбээр уг бүтээлд ерөнхий продюсероор ажиллахаас гадна гол дүр бүтээжээ.
-Таны хамгийн сүүлд ажилласан уран бүтээлээс ярилцлагаа эхэлье. “Маск продакшн”-ы 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Сүүлчийн шилийн сайн эрс” кинонд та ямар үүрэгтэй ажилласан бэ?
-“Маск продакшн” 20 жилийн ойдоо зориулж “Сүүлчийн шилийн сайн эрс” хэмээх адал явдалт, инээдмийн, түүхэн киног бүтээсэн. Би тус кинонд ерөнхий продюсероор ажиллахаас гадна гол дүрд тоглосон.
-Киноныхоо гол санаа, агуулгыг та хэрхэн тодорхойлох вэ? Шилийн сайн эрсийн тухай сэдвийг сонгосон нь ямар учиртай вэ?
-Бид энэ киногоор эх орноо өмгөөлж, хамгаалах эзэнтэй гэдгийг харуулахыг зорьсон. Хүн хэчнээн адгийн нэгэн мэт харагдаж байсан ч цаг нь тулахаар эх орныхоо төлөө юу хийж чаддаг вэ гэдгийг харуулахыг хүссэн юм.
Кинонд ард түмнээ өрнөөс гаргаж, өрийн дэвтрийг нь шатааж явсан алдартай шилийн сайн эрсийн нэрийг ашиглан явж байгаад өөрсдөө асуудалд орчихдог гурван залуугийн тухай гарна. Гэхдээ үйл явдлын явцад тэдний эх орныхоо төлөө хийсэн зүйлс аажмаар илэрнэ.
Цаанаа нэлээд олон зүйлийг хөндөж, үзэгчдэд бодох зүйл үлдээхээр бүтсэн кино. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд маш сайн уран бүтээлчид арын алба болон дэлгэцийн өмнө ажилласан.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Би багадаа өвөө, эмээтэйгээ Тэрэлжид мал маллаж өссөн. Тэрэлжийнхэн намайг “Шаашка” гээд андахгүй. (инээв)
-Урлагт анх яаж орж байв?
-Би анх Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд орж байсан. Хөдөөний хүүхэд хотод ирээд сургуульд сурахдаа хотын хүүхдүүдийг хараад л “Хөөх, ямар гоё юм бэ. Хотын хүүхдүүд чинь ийм хөөрхөн байдаг юм уу?” гэж боддог байлаа. (инээв)
Тэгээд ээжээсээ гуйж байгаад Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд С.Ганчимэг багшдаа шалгуулж орсон. Тухайн үедээ би дуучин болно гэж боддог байсан. Ингэж л миний урлагийн зам эхэлж, урлагийг биширч, хайрлаж эхэлсэн дээ.
-Анх дуучин болохоор төлөвлөж байсан хүн яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ?
– Дуулаачаар явах гэж байсан чинь нэг өдөр өөрийгөө “Чи чинь лаг дуулдаг юм чинь жүжигчин болъё” гээд жаахан хошгируулчихсан юм. (инээв)
Тэр үед “Маск продакшн”-ы Баярмагнай ахын гоё дуулдаг номеруудыг их үздэг байсан. Тэгээд жүжигчин болох хүсэл төрсөн.
Гэхдээ одоо эргээд бодоход мэргэжил сонгож байсан тэр үе рүүгээ буцаж очвол аав, ээжийнхээ аль нэгнийх нь мэргэжлийг сонгох байсан байх. Гэсэн ч одоо сонгосон мэргэжлээрээ өдий хүртэл шүдээ зуугаад явчихсан байна. Эцсийг нь үзнэ дээ.
-“Маск продакшн”-тай холбогдсон түүх тань хэзээнээс эхэлсэн бэ?
– Би анх 2011 онд “Маск продакшн”-д орж байсан. Хамт ажиллаад 15 жилийг ардаа үдэж байна. Тухайн үедээ продакшны хамгийн отгон жүжигчин нь болж орж байлаа. Харин одоо доороо нэлээд олон дүү нартай, дунд үеийн жүжигчин болчихсон байна.
-Үзэгчдийг инээлгэх хамгийн хэцүү мөч бол тэд инээхгүй байх үе гэдэг. Танд “би жүжигчин биш юм байна” гэж бодогдох хэмжээнд шантрах үе байсан уу?
– Байлгүй яах вэ. Хошин урлагийг хүмүүс стрессээ тайлж, инээж баясах гэж үздэг. Гэтэл тайзан дээр гараад үзэгчдээ инээлгэж чадахгүй бол эсрэгээрээ бүр стрессдүүлчихэж байгаа юм шиг санагдана.
Гаргасан номер дээр хүмүүс инээхгүй байх мэдрэмж жүжигчин хүнд хангалттай ирдэг. Тэгэхээр “Би чинь ерөөсөө жүжигчин биш юм байна” гэж бодох үе ч байна, уйлах үе ч гарна. Ах нар “Зүгээр ээ, миний дүү, ийм юм байдаг” гэж хэлдэг байсан ч дотроо “Би ямар миа юм бэ” гэж бодох үе олон байсан.
Хошин урлагийнхан аль болох хүмүүсийг аз жаргалтай, инээдтэй мэдрэмжтэй гаргахыг хүсдэг шүү дээ.
-Тайзан дээр гарч байхдаа хамгийн санаанд үлдсэн хөгтэй эсвэл бүтэлгүй явдал юу вэ?
-Нэг номер дээр СТА П.Эрдэнэзаан ахын ард Солонгос эмэгтэйн дүрд орж, ханбуг өмсөөд масс хэсэгт гардаг байсан юм. Эмэгтэй дүрдээ ороод л байж байтал нэгдүгээр эгнээнд сууж байсан хоёр охины “Энэ ямар шижгийн юм бэ” гэж хэлэхийг амны хайрцгаас нь уншчихсан. (инээв)
Тэрнээс хойш “Би дахиж хэзээ ч эмэгтэй болохгүй юм байна” гэж бодсон. Тэр үед урам, ажиллах итгэл үнэхээр навс унадаг юм билээ.
-Тэр эмэгтэй дүр тайзан дээрх таны анхны эмэгтэй дүр байсан уу?
– Үгүй ээ, нэлээд олон номер дээр гарсны дараа тэр дүрийг хийсэн. Ер нь жүжигчин хүн өөрийнхөө мэргэжлийн хүрээнд өөрийгөө сорьж үзмээр санагддаг үе байдаг. Магадгүй тэр хоёр охины хариу үйлдэл надад “эмэгтэй дүр надад тохирохгүй юм байна” гэдгийг ойлгуулсан байх. (инээв) Тэрнээс хойш эмэгтэй дүрд тоглоогүй.
-Жүжигчний мэргэжлийн жаргал, зовлонг өөрийн биеэр туулж яваагийн хувьд хүүхдүүд тань ирээдүйд жүжигчин болох хүсэлтэй гэвэл та дэмжих үү?
-Манай хүүхдүүд их алиа. Ангидаа хүртэл хамгийн хөгжилтэй, найзуудаа хамгийн их инээлгэдэг хүүхдүүд гэж ярьдаг. Дотроо жүжигчин болох хүсэлтэй юм шиг байна лээ.
Ер нь бол “Жүжигчин битгий болоосой” гэж зөвлөхийг хүсдэг. Би өөрөө энэ мэргэжлийн хэцүүг туулж, мэдэрсэн болохоор тэр. Гэхдээ цаг нь тулаад хүүхэд маань үнэхээр жүжигчин болохоор шийдвэл дэмжих л байх. Аав хүн юм чинь бүхий л талаас нь дэмжиж, замыг нь аль болох тэгшилж өгнө дөө.
-Тайзнаас гадна дэлгэцийн уран бүтээлд хөл тавьсан анхны бүтээл тань юу байв?
– Миний хамгийн анхны кино “Босго тотго”. Би Оросоос ирсэн хилийн цэргийн офицерын дүр бүтээсэн. Тухайн үед проб өгөөд тэнцэж байсан. Тэр уран бүтээлээр дамжуулж олон сайхан уран бүтээлчтэй танилцаж, их зүйл сурсан.
-Найруулагчдаас танд ихэвчлэн ямар дүр санал болгодог вэ?
-Надад дандаа эерэг дүрийн санал ирдэг. Найруулагчид намайг ихэвчлэн цэрэг, цагдаагийн дүрд хардаг юм шиг байгаа юм.
“Маск продакшн”-ы номерууд дээр ч цэрэг болохоороо хамгийн эхэнд нь зогсчихдог, эсвэл цагдаагийн дүрд ажилладаг. Цэрэг, цагдаагийн алба хаагчидтай таарахаар “Таны тоглосон тэр дүрийг мэднэ, гоё болсон” гээд яридаг. Тэр нь их сайхан санагддаг.
-Тэгвэл өөр төрлийн дүрд тоглож, өөрийгөө өөр өнцгөөс харуулахыг хүсдэг байх. Ямар дүрд тоглож үзмээр байна?
– Хоёр төрлийн дүрийг их хүсдэг. Нэгдүгээрт, “action comedy” хийхийг хүсдэг. Жишээлбэл, Өмнөд Солонгосын жүжигчин Ма Дон Сок шиг. Дандаа зодолдож байгаа хэрнээ өөрөө хөөрхөн, инээдтэй, үзэгчдэд гоё мэдрэмж төрүүлдэг дүр байдаг даа. Тийм дүрийг бүтээж үзэхийг хүсдэг.
Хоёрдугаарт, сөрөг дүрд тоглож үзмээр байна. Инээж байгаад л хутгалдаг, гаднаа тайван хэрнээ дотроо аймаар тийм дүр. Тийм дүр дээр ажиллавал их зэвүүн гарч магадгүй. (инээв)
Би нэг удаа “Ээж” оауск кинонд реквизитчин маягийн дүрд тоглож үзсэн. Өөрийгөө тэр өнцгөөс харахад их сонирхолтой санагдсан.
-Өнөөг хүртэл тоглосон дүрүүд дундаас танд хамгийн их хүч, тэвчээр шаардсан нь аль дүр вэ?
-“Халуун бороо” киноны зураг авалт хамгийн хүнд байсан. Бид онцгой байдлын ажилчдыг гаднаас нь харахаараа заримдаа халтар, ядарсан хүмүүс шиг л хардаг. Гал, осол аваарын дуудлагаар явж байхад нь зам тавьж өгөх нь эмнэлэг, цагдаагийн машинаас арай бага юм шиг санагддаг. Энэ мэргэжлийг үнэлж, хүндлэх хандлага ч арай дутуу байдаг болов уу гэж боддог байсан. Харин энэ кинонд тоглосноороо “Энд жинхэнэ бурхад ажилладаг юм байна” гэж ойлгосон. Хамгийн хүнд, хамгийн онцгой нөхцөлд онцгой байдлын алба хаагчид л хамгийн түрүүнд очдог. Хонх дуугарахад 30 секундын дотор хувцсаа өмсөөд гараад явна. Өөрсдөө амь эрсдэхийг үл ажран хүний амь аврахын төлөө гал руу ордог. Тэдний мэргэжил ямар үнэ цэнтэй, ямар их эрсдэлтэйг тэр үед үнэхээр ойлгож, хүндэлж, хайрлаж явсан.
Зураг авалтын үеэр бид бодитоор галын дунд ажилласан болохоор өөрсдөд маань ч хүнд байсан. Нэг хэсэгт дэлбэрэлтийн сцен байсан юм. Найруулагч бодит байлгахыг хүссэн учраас дэлбэрэлтийг арай их дозтой хийчихсэн.
Би хойшоо эргэж харахад над руу гал үсэрч, нураанаас халуун төөнөөд ирж байсан. Хамгийн аймшигтай нь ард байсан баллон маань шатаад эхэлсэн. Тэр үед “Ингээд л кинонд тоглож байгаад үхэх гэж байгаа юм байх даа. Миний хүүхдүүд яах бол?” гэж бодсон. Үнэхээр аймар мэдрэмж байсан.
-Олон уран бүтээлчтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэднээс суралцаж ирсэн. Таны хувьд хамгийн их хүндэлж, үлгэр дуурайл авдаг жүжигчид хэн бэ?
– Би СТА П.Эрдэнэзаан ах, МУГЖ Ж.Мөнхсайхан ах хоёроо их хүндэлдэг. Тэдний тоглолт, жүжигчний ажиллагаа, уран сэтгэмж, харц, хоорондоо харилцах интонаци, үгийн сонголт гээд миний бодлоор үнэхээр гайхалтай жүжигчид. Тэдний хажууд ажиллаж байхдаа би маш их зүйл сурсан. Хамт тоглоход хамгийн гоё жүжигчид. Хажууд байхад л өөрийн эрхгүй аваад явчихдаг ауратай. Амьдрал дээр ч яг түшигтэй ах нар шиг байдаг.
-Ажлаасаа бусад үедээ юу хийж өнгөрөөх дуртай вэ?
– Би олон хоббитой. Сагсан бөмбөг тоглох их дуртай. Найзууд маань намайг “Леброн” гэдэг. (инээв) Гэхдээ сагс тоглож байгаад хоёр ахиллын шөрмөсөө тасалж байсан. Мөн “CS” тоглодог. Багадаа бүр багтай байсан. Мотоцикл унадаг, билльярд тоглодог, усанд сэлэх дуртай. Ер нь нэлээд олон хоббитой доо.
-Таныг үргэлж дэмжиж, уран бүтээлийг тань үздэг үзэгчдэдээ юу хэлмээр байна?
-Намайг үргэлж дэмждэг үзэгчдэдээ чин сэтгэлээсээ маш их баярладаг. Тэдний урмын үг, алга ташилт, “Дэмждэг шүү” гэж хэлдэг ганцхан үг хүртэл надад маш их хүч өгдөг. Хааяа гудамжинд таараад “Сайн байна уу, дэмждэг шүү” гэхэд нь хүртэл би баярлаж явдаг.
Би хичээсээр л байгаа. Ээжийн минь хэлдэг нэг сайхан үг бий. “Хичээсэн хүнийг бурхан андуурч шагнадаггүй” гэж. Энэ үгийг би өөрийнхөө гол зарчим болгож явдаг.
Тиймээс намайг дэмждэг үзэгчдийнхээ итгэлийг алдахгүйг хичээж, цаашдаа улам сайн уран бүтээл хийхийн төлөө ажиллах болно.
С.УЧРАЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД