Г.Энэрэл: Би товч, тодорхой байхыг л хүсдэг

“Зуу хүрэхгүй дуу минь утга төгөлдөр

Зуны улиралд Туулын урсгал ятга тоглодог”

Өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц уран бүтээлээрээ Монголын хип хоп урлагт ялгарч буй уран бүтээлч бол реппэр Г.Энэрэл. Түүнийг олон нийт “Opozit” хамтлагийн гишүүн гэдгээр нь мэддэг бол үнэнч сонсогчид нь “Гудамжны яруу найраг, эгшиг бас хөг… Болор цомыг түүнд өг” хэмээн үнэлдэг. Түүний дуунуудын сүүл холболт, шүлгийн мөн чанар, мөр бүрт нь нуугдах утга санаа нь сонсогчдын гайхширлыг төрүүлдэг. Удахгүй болох “Ай хө, Gen Z хө” тоглолтыг нь угтан реппэр Г.Энэрэлтэй ярилцлаа.

Ойрын үед ямар сонин сайхан байна вэ? Удахгүй болох тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна. Их завгүй байгаа биз?

-“Ай хө, Gen Z хө” нэртэй тоглолтын маань маркетингийн үйл ажиллагаа хийгдэж байна. Тоглолт наймдугаар сарын 7-нд Happy Park хүүхдийн паркийн доторх тайзан дээр болно. Маргаашаас бэлтгэлдээ орно. Тоглолт дөхөөд ирэхээр их завтай л байна даа. /инээв/

-Саяхан “Бага Тойрог”-той хамтарсан love music session цацагдсан байсан. Тэнд дуулсан дуунуудаа ямар шалгуураар, хэрхэн сонгосон бэ?

-“Бага Тойрог”-ийнхон надад бие даасан тоглолт хийх санал тавьсан юм. Өмнө нь тоглолт хийх тухай огт бодож байгаагүй. Тэдний саналаар хуучин дуунуудаа шинэчлэн сэргээж дуулсан нь маш сайхан байсан.

– Тухайн дуулсан дуунуудаас Б.Бадрууган агсны “Уяхан хорвоон хань” дууг дахин шинэчлэн дуулсан нь илүү сонирхол татсан л даа.

– Хүүхэд байхдаа би Б.Бадрууган агсны “Хайрын дуу”-г UBS телевизээр сонсдог байсан. Сүүлд “B Production”-д гэрээтэй ажиллах болсон чинь тэнд ажиллаж байсан Б.Мөнгэрэл ах түүний хүү байсан юм билээ. Тэгээд аавынхаа хуучны дуунуудыг сэргээж цомог болгох гээд ажиллаж байхад нь Б.Бадрууган агсны дуунууд надад маш их таалагдсан.

Тухайн үед хамгийн их таалагдсан нь “Хонин цагаан үүл” гэдэг дуу.

Түүнээс хойш тэр шинэчилсэн цомгийг  нь Америкт байх хугацаандаа их сонссон.

-Өмнө нь нэг ярилцлагадаа та анхны хөгжмийн нөлөөллөө Б.Бадрууган агсан, мөн “Анхны хайрын дуу”-г дуулсан Б.Нандинцэцэг зэрэг тухайн үеийн уран бүтээлчдээс авсан гэж ярьж байсан.

-Яахав тэр дуунуудаас болж яг дуулъя гэж бодоогүй. Сонсох бол дуртай.

Бүр анх дуулах дуртай болсон нь бол П.Адарсүрэн гуайн дуунуудыг 4-5 настайдаа дуулдаг байсан  нь нөлөөлсөн.

Тухайн үед ойр тойрны хүмүүсээ П.Адарсүрэн гуайн дуунуудаар байлдан дагуулдаг байсан./инээв/

-Уран бүтээлийн анхны эхлэл нь бол шүлэг байсан байх аа?

-Тийм ээ. Яагаад шүлэг бичиж эхэлснээ яг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л шүлэг бичдэг болчихсон байсан. Хоёрдугаар ангид байхдаа шүлгийн уралдаанд оролцоод шагналт байр эзэлсэн. Тэр үед л урамшсан байх.

-Хамгийн анх хийж байсан дуунуудаас одоо ч санаанаас тань гардаггүй дуу бий юү?

-Яг тэр дуугаа одоо санахгүй байна. Гэхдээ хамгийн анх толгойд аялж эхэлсэн нэг дуу байдаг. Тэр үед дуугаа яаж бичүүлдгийг огт мэддэггүй байсан. Тийм болохоор хэнд ч сонсгоогүй. Бичүүлээгүй. Зүгээр л дотроо цээжилчихээд, өөртөө аялдаг байсан санагддаг.

-Шүлэг, уран зохиолын ном хэр уншиж байна даа?

-Сүүлийн үед бараг л ном уншихгүй байгаа.

-Таны хэд хэдэн дуунаас яруу найрагчдын шүлгийн мөртүүд анзаарагддаг. Тухайлбал, “ChiniiHeer” дууны “Хөрстийн амьдралд хөл алдсан, хөлчүүхэн зүрхний тольтон дээр шувууны сүүдэр шиг дараад өнгөрсөн…” гэх хэсэг Р.Чойномын шүлгийг санагдуулдаг. NMN-тэй хамтарсан “Шүлэг” дууг Б.Лхагвасүрэн гуайн “Тэр нэгэн бүсгүйд” шүлгээс сэдэвлэн бүтээсэн байдаг. Мөн NMN-тэй хамтарсан “Чамайг даа” дууг Л. Өлзийтөгсийн “Хүлээлт” шүлгийн “Царай зүсэнд минь, цагийн төрх тодортол зогсоод, зогсоод л баймаар…” гэх мөртүүдээс нь сэдэл авсан юм шиг санагддаг. Ер нь уран зохиол, яруу найраг таны уран бүтээлд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Дунд сургууль, их сургуульд байхдаа нэлээн их сонирхож, шимтэж уншдаг байсан. Гэхдээ Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”, Б.Явуухулан гуайн хэдэн шүлгийг л голчлон уншсан. Түүнээс бусдыг нь бол зорьж уншиж байгаагүй.

Аливаа номын эхний нүүрийг уншаад сонирхол татахгүй бол уншдаггүй. Эхэнд нь олон хүн өмнөтгөл бичдэг нь таалагддаггүй. Ном нь л гол болохоос хэний ямар сэтгэгдэл, өмнөтгөл байх нь хэнд ч хамаагүй.

Ном нь л чухал. Тэр хүн уншсан юм байна гэдгээс хамаарч ном авч уншина гэдэг утгагүй.

-Тэгэхээр яг ямар нэгэн бодит зүйлээс шууд сэдэл авалгүйгээр үг холбох чадвараа өөрөө бие дааж хөгжүүлсэн гэж ойлгож болох уу?

-Тийм. Үгэнд, rhyme-нд бүр донтчихсон байсан. Нөгөө талаар, шүлэг яруу найраг бичдэггүй мөртлөө хүнтэй ярихдаа маш цэгцтэй, уран яруу ярьдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс ихэвчлэн өвөө, эмээгээ дуурайсан эсвэл олон хүнтэй харилцаж туршлага суусан байдаг юм шиг санагддаг.

“ТАЙВАН БАЙХ ГЭЖ ХИЧЭЭХ НЬ ӨӨРӨӨ ТАЙВАН БУС МЭДРЭМЖ ТӨРҮҮЛДЭГ”

Г.Энэрэл: Би товч, тодорхой байхыг л хүсдэг

-Уран яруу байх гэж хичээдэг үү?

-Үгүй ээ. Товч, тодорхой байхыг л хүсдэг.

-Өөрийгөө хэр шударга хүн гэж үнэлэх вэ?

-Сонгуульд нэр дэвшихээр бол шударга хүн гэж хэлнэ. Харин нэр дэвшихгүй бол өөрөөр хариулах байх. /инээв/

а товч тодорхой хэр нь ээ их тойруу хүн шиг санагддаг.

-Мэдэхгүй ээ. Үүнийг хүмүүс л мэдэх байх. Би өөрийгөө үзэж, сонсох нэг их дуртай биш.

– Өөрийнхөө хувьд “энэ бүтээл болчихлоо” гэж боддог дуу бий юу? Тухайлбал, сонсогчийн хувьд “Ононгол” дуу тань илүү амьд, увидаслаг мэдрэмж төрүүлдэг.

-Тийм ээ, тийм. Тэр дууг би гэр бүлийн амьдралын талаар ойлголттой болж эхэлснийхээ дараа хийсэн. Гэр бүлтэй болж, хамтдаа амьдрахыг хүссэн мэдрэмжээс төрсөн дуу гэж хэлж болно.

Бөртэ чоно, Гоо маралыг Монголын анхны гэр бүл гэж үзээд, Гоо марал бол анхны монгол бүсгүй гэсэн бэлгэдэлтэйгээр зохиосон.

Тиймээс өөрийнхөө гэрлэх гэж буй бүсгүйг анхны монгол бүсгүйтэй зүйрлэн илэрхийлсэн. Тухайн үед дурлаж, сэтгэл татагдсан эмэгтэйгээсээ мэдэрсэн мэдрэмжээрээ энэ дууг бичсэн.

-Таныг хамгийн их тайвшруулдаг зүйл юу вэ? Түгшүүр мэдрэх, эрх чөлөөгүй мэт санагдах тэр мэдрэмжийг хэрхэн давдаг вэ?

-Хийж байгаа зүйлээ дуусгасан мэдрэмж хамгийн их тайвшруулдаг. Харин түгшүүртэй мэдрэмжээс бол гарах хэрэгтэй.

Тайван байх гэж хичээх нь өөрөө тайван бус мэдрэмж төрүүлдэг. Заримдаа тайван бус байдал дунд байх нь ч өөрөө нэг төрлийн тайвшрал мэт санагддаг.

Биеийн хөдөлгөөн, биеийн хүч сэтгэл санаанд их нөлөөлдөг. Хөдөлгөөнгүй байгаа бие хүний сэтгэл санааг ч дагаад унагадаг юм шиг санагддаг.

-Хүн ямар нэгэн байдлаар өөрийгөө эрэлхийлж, өөртэйгөө танилцахыг хичээдэг юм шиг. Амьдралын шалгуурт хүн өөрийгөө шинээр нээж, шалгаж, сорьж, таньж мэдсээр байдаг мэт санагддаг. Таны хувьд ийм мэдрэмж төрж байсан уу?, Хэзээ өөрийгөө илүү таньж мэдсэн гэж боддог вэ?

-Ерөнхийдөө хүн замд л гарах хэрэгтэй. Зам дээр л байх хэрэгтэй гэж бодож байна. Өөрийгөө олох тухай нэг хөгжилтэй түүх ярья.  Манай нэг дүү “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байсан юм. Тэгэхэд шүүгчээр сууж байсан Rokit Bay тайзан дээр байхад нь “Чи өөрийгөө олоогүй байна” гэж хэлсэн юм байна л даа. Тэгээд дүү маань тайзны ард очоод “Ах аа, би өөрийгөө хаанаас олох ёстой юм бэ?” гэж асуухад нь Rokit Bay “Түнэр харанхуйгаас” гэж хариулсан гэсэн. /инээв/ Тэр яриаг сонсож зогссон манай найз “Чи түнэр харанхуйгаас  л Rokit Bay олно” гэж хэлсэн. /инээв/

Нэг комедианы яриа бас санаанд орлоо. Америкт төрсөн, итали гаралтай, аав ээж нь цагаач хүмүүс. Тэгсэн тэр нэг комедигийн үеэр ингэж ярьсан юм. “Намайг их сургууль төгссөний дараа манай найзууд бүгд өөрийгөө хайх аялалд гарчихсан. Үүргэвчтэй цүнх үүрээд дэлхийгээр хэсэж, өөрийгөө олно гээд явж байна. Би ч бас өөрийгөө хайж олмоор байна гэж аавдаа хэлсэн чинь, аав нь ‘Чи юу яриад байгаа юм. Би чамайг аль хэдийн олчихсон. Чи миний хажууд байна. Ажилгүй. Мөнгөгүй. Манай гэрт амьдарч байна” гэж хэлсэн” гэсэн /инээв/. Ер нь хүн өөрийгөө заавал хаа нэгтээгээс хайж олох хэрэггүй. Хэрвээ хайж байгаа хүн байвал олоосой гэж хүсэж байна /инээв/.

Миний бодлоор хүнд үргэлж байдаг зүйл нь өөрөө л гэж бодож байна.

-Сэтгэлээр унасан үедээ өөрийгөө босгож, зоригжуулж чаддаг уу?

-Сэтгэлээр унах гэдэг зүйлтэй хамт л амьдарч ирсэн дээ. Унах үе ч байна. Нисэх ч үе байна.

Магадгүй сэтгэлээр унах үе маань нисэж явах үетэйгээ холбоотой ч байж болох юм.

Тийм болохоор би нисэж явах үедээ ч унах үеийнхээ талаар бодож байдаг.

-Өнгөрсөндөө хорогддог уу?

-Үгүй ээ, тийм зүйл байхгүй. Өнгөрснөөсөө нэлээд холдчихсон л доо. Одоо бол хөгшин болохоо л харж амьдарч байна. Хорь орчим наснаасаа  холдож байх үедээ л өнгөрснөө санаж, хорогддог байсан.

– Таны дууны үгэнд дурсамж, өнгөрсөн амьдралын түүхүүд их байдаг. Та үүнийг өөрийн амьдралаас ургуулж бичдэг үү, эсвэл бусдын амьдралаас санаа авдаг уу?

– Тийм ээ. Одоо бол илүү оновчтой мөчийг хүлээдэг болсон. Өмнө нь “би дуу хийх ёстой” гэсэн бодлоор хүний ч юм уу, өөрийнхөө амьдралаас ямар нэгэн зүйл эрж хайж, сэдэвлээд бичдэг байсан.

Харин одоо үнэхээр зөв дуу төрөх мөчийг хүлээдэг болсон.

Хийсэн дуундаа өөрөө сэтгэл ханахуйц зүйл хайж, мэдрэмжээ хүлээдэг болсон.

-Хэрвээ дуу хөгжмөөсөө холдвол өөрийгөө юу хийж байгаагаар төсөөлдөг вэ?

-Би сантехникийн бараа зардаг байсан. Манай аавын хийдэг бизнес л дээ. Бараагаа зарна, хүргэлтэнд явна. Хэрвээ дуу хийдэггүй байсан бол сантехникийн бараагаа зараад, хотоор хүргэлт хийж явах байсан байх.

-Одоогийн Энэрэл 10 жилийн өмнөх Энэрэлд юу гэж хэлэх байсан бол?

-Юу ч хэлэхгүй байх. Зүгээр л өрөвдөх байх аа. “Ивий дээ” гээд л. Хүн хүүхдүүдээ хараад өрөвддөг шиг, тэр үеийн өөрийгөө хараад тийм мэдрэмж л төрөх байх. /инээв/

 -Түрүүн хөгшрөх зүг рүүгээ харж амьдарч байна гэж хэлсэн. Нас ахиад юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Би ч сүртэй амьтан биш л дээ. Гэхдээ эдийн засгийн эргэлт бий болгох нь чухал юм байна гэж боддог болсон. Чадах чинээгээрээ эдийн засгийн эргэлтийг тогтмол бий болгох хүсэлтэй байна.

-Та өөрийгөө ямар үзэл баримтлалтай хүн гэж тодорхойлох вэ?

-Би өөрийгөө коммунист хүн гэж боддог. Гэхдээ либертари үзэл нь амжилтад хүрчихлээ л дээ. Коммунизмын хүрэхийг зорьсон зүйлд хүмүүс эрх чөлөөгөөрөө дамжуулан хүрч байгаа юм шиг надад санагддаг.

Бидний зорилго, үүрэг бол ямар нэгэн томоохон гамшиг, сүйрэл тохиолдсон ч хүн төрөлхтөн оршин тогтнох бэлэн байдлыг хангах явдал гэж уншиж байсан.

Түүнд механик аргаар хүрэхийг зорьсон нь коммунизм. Эрх чөлөөгөөр дамжуулан хүрэхийг зорьсон нь ардчилал юм. Гэхдээ үүний нэг дутагдалтай тал нь дэлхий хязгаарлагдмал нөөцтэй гэдгийг хүмүүс бүрэн ойлгоогүй байхад хувийн өмчийн тогтолцоо үүссэн явдал гэж боддог. Хязгааргүй юм шиг ойлгож, чадах чинээгээрээ хувьчилж авах хандлага бий болсон. Харин дэлхий хязгаарлагдмал нөөцтэй гэдгийг ойлгосны дараа коммунизмын үзэл санаа үүсэж, нөөц баялгийг илүү төлөвлөгөөтэй, зохистой зарцуулах тухай ойлголт бий болсон гэж ойлгодог.

-Таны амьдралын зарчим, байнга бодож явдаг зүйл тань юу вэ?
-Надад тусалсан хүмүүсийн ачийг хариулах юм сан гэж л боддог.

-“Pacific” дуунд “Чи байгаагаараа. Байгалиараа. Гайхамшигтай яа” гэсэн үг гардаг. Ер нь хүний дотор ямар нэгэн зүйлийг шүтэж, дээдэлдэг үзэл байдаг шүү дээ. Таны хувьд тэр дээдэлдэг тотемизм нь байгаль мөн үү? 

-Тухайн орчинд юуг дээдэлж, шүтэж байна, түүнийг л дагадаг.

Харин хувь хүнийхээ хувьд бол байгаль дэлхийг дээдэлдэг.

Байгаль дэлхий амьтай учраас бид амьд байгаа. Миний хувьд гол зүйл нь дэлхий. Дэлхий дотроо галтай, тэр галаас хамаарч уур амьсгал, дулаан орчин бүрдэж, амьдрал оршин тогтнож байна. Тиймээс дэлхий өөрөө нэг төрлийн амь.

Г.Энэрэл: Би товч, тодорхой байхыг л хүсдэг

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн