Сингапурын албаныхан түүхэнд байгаагүй томоохон мөнгө угаах гэмт хэргийг гурван жилийн өмнө илрүүлжээ. Тэгвэл энэ илрүүлэлтийг дагалдаад хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх асуулт үүсэв. Мөрдөн байцаалтын явцад хурааж авсан тэр олон автомашин, үл хөдлөх хөрөнгө болон бусад тансаг зэрэглэлийн бараа, эд зүйлсийг хаачуулах вэ?

Залилан болон хууль бус мөрийтэй тоглоомоор ашиг олдог гэмт хэргийн сүлжээг онилсон уг ажиллагаанд цагдаагийн 400 гаруй алба хаагч оролцжээ. Гурван жил үргэлжилсэн ажиллагааны дүнд хураагдсан тэдгээр эд хөрөнгө өдгөө өндөр хамгаалалттай агуулахад хадгалагдаж байна.

Тэгвэл ховор нандин, тансаг эдлэл хэрэглэл сонирхогч, цуглуулагчдыг цонхгүй, бетонон ханатай өрөөнд хураагдсан тэдгээр эд зүйлийг үзэж сонирхохыг урьж байна.

Тодруулбал, маш олон тоогоор хураагдсан “Cartier”-ын бөгж, “Bulgari” хүзүүний зүүлт, “Hermès” бугуйвч, “Chanel”, “Louis Vuitton”-ийн гар цүнхнүүд зэргийг нэг дор бөөнд нь зах зээлд гаргавал үнийн савлагаа үүсэх тул нийт 15 удаагийн дуудлага худалдаагаар худалдаалах болжээ. Дуудлага худалдаа ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Мөн дуудлага худалдаанаас олсон орлого нь Сингапурын төрийн санд шууд орох юм.

“Hotlotz” дуудлага худалдааны компанийн  үүсгэн байгуулагч Кристофер Ланиган О’Кийф “Дан сайн чанарын, хамгийн шилдэг брэндүүдийн энэ их эдлэл хэрэглэлүүд бол бидний өдөр тутамдаа хараад байдаггүй зүйл. Нэг, хоёроор нь энд тэнд харах аз танд тохиосон байж магадгүй. Гэхдээ бүгдийг нь нэг дор харна гэдэг тун ер бусын” гэжээ.

Хураагдсан эд хөрөнгийн нийт үнэлгээ гурван тэрбум сингапур доллар буюу 2.4 тэрбум ам.доллар болж байгаа юм. Дээр дурдсан эд зүйлсээс гадна алтан гулдмай, бэлэн мөнгө, спорт загварын машин, дарс, цахилгаан бараа, Японы алдарт “Bearbricks” брэндийн хэдэн зуун тоглоом хүртэл хураагджээ. “Bearbricks” брэндийн тоглоомон бамбаруушнууд л гэхэд зах зээлд борлуулагдах мөнгөн дүн нь зургаан оронтой тоогоор хэмжигдэх нь бий.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн