ЭРХҮҮ, 2026 оны есдүгээр сарын 14 /TASS/. Сүүлийн нэг сарын хугацаанд Сибирийн холбооны тойрогт баавгайн дайралтад өртөж таван хүн амиа алджээ.
Сүүлийн үед Сибирийн бүс нутагт баавгай хүн рүү дайрах тохиолдол олширсон байна. Наймдугаар сарын сүүлчээр Бүгд Найрамдах Алтай Улсын Артыбаш тосгонд жуулчны баазын нутаг дэвсгэрт баавгай жуулчдын майхан руу дайрч, Новосибирск хотын 29 настай эмэгтэйг ой руу чирэн авч явж, уг эмэгтэй амиа алдсан байна. Есдүгээр сард Красноярскийн хязгаарт баавгай дайрсны улмаас гурван хүн амиа алджээ.
Эрхүү мужийн Киренск дүүрэгт өндөр настай эрэгтэй баавгайн дайралтад өртөж амиа алдсан тухай есдүгээр сарын 14-нд буюу өнөөдөр мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын Дотоод хэргийн яамны Эрхүү мужийн удирдах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, есдүгээр сарын 13-нд тус мужид баавгайн дайралтад дахин нэг хүн өртөж, шархадсан байна. Тодруулбал, Нижнеудинск дүүргийн Ук-Бадарановка тосгоны фермийн ажилтан гахайн хашаанаас баавгайг хөөж гаргахыг оролдох үеэрээ хөл, мөрөндөө шархаджээ.
Энэ онд ОХУ-ын 41 бүс нутагт баавгай суурьшлын бүсэд орж ирсэн байна. Нөхцөл байдал ялангуяа Зүүн Сибирьт хүнд байгаа ажээ. Тус бүс нутагт баавгай сургууль, цэргийн ангиудын ойролцоо ирснээс гадна, хойд хэсэгт айлуудын гэр лүү дайрчээ.
Мөн Красноярск хотын жуулчдын очих дуртай амралтын газрууд болох “Гремячья грива” эко цэцэрлэгт хүрээлэн, “Красноярскийн багана” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо, түүнчлэн “Удачный” бичил хорооллын тансаг зэрэглэлийн зуслангийн хотхонд баавгай үзэгдсэн байна. Красноярскт өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм тогтоожээ.
