ОХУ, Сири улсууд өнгөрсөн сард 18 сар үргэлжилсэн яриа хэлэлцээг эцэслэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаа зарласан. Тэгвэл энэ ойлголцлоос хойших Оросын анхны хангамж Сирид хүрчээ. Дөрвөн хөлөг онгоц бүхий хангамжийн цуваа есдүгээр сарын 7-ны өдөр Сирийн Тартус боомтод хүрсэн байна. Энэ нь ОХУ шинэ хэлэлцээрийн дагуу Сирийн баруун хэсэгт орших Тартус боомт болон Хмеймим агаарын баазын хангамжийг үргэлжлүүлэн хариуцаж байгааг илтгэв.

Хиймэл дагуулын зураг харвал, Оросын карго тээврийн “Sparta” хөлөг тэнгисийн цэргийн шатахууны хангамжийг тээвэрлэдэг “Akademik Pashin” хөлөгтэй зэрэгцэн Тартус боомтод байрлажээ. Харин “General Skobelev” танкер нь эргээс хол зогссон байв. Эдгээр хөлөг онгоц нь хоёулаа барууны хориг арга хэмжээнд байдаг бөгөөд “Sparta” нь Сири дэх Оросын цэргийн ложистикийг хариуцсаар иржээ.

Сирийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хэлэлцээрийн дагуу Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнод дахь Оросын цэргийн гол түшиц болсон хоёр баазыг хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх төв болгон өөрчилнө. Мөн тэдгээр байгууламжийн хяналтыг Сири хариуцах аж. Баазуудын ирээдүйн талаарх яриа хэлэлцээ хараахан бүрэн дуусаагүй байгаа бөгөөд Сирийн удирдагч Ахмед аль-Шараа, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар асуудлыг авч хэлэлцсээр байна.

ОХУ Башар аль-Ассадын засаглалын хугацаанд Сирид цэргийн дэмжлэг үзүүлсэн. Гэвч 2024 онд Сирийн босогчид Ассадыг түлхэн унагасан нь Оросын Ойрхи Дорнод дахь нөлөөллийг ихээхэн ганхуулсан юм. Тэр үеэс хойш ОХУ Сирийн шинэ засаг захиргаатай харилцаагаа бэхжүүлэх оролдлогуудыг хийсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн