ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 15 /Kyodo/. “Fujitsu” компани хиймэл оюунд зориулан Японд үйлдвэрлэсэн “Monaka” төв процессорыг 11 дүгээр сараас дэлхийн зах зээлд худалдаж эхлэхээр төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ. Ингэснээр гадаадын компаниуд давамгайлж буй хиймэл оюуны зах зээлд байр сууриа тэлэхийг зорьж байна.

Хиймэл оюуныг цэргийн зориулалтаар ашиглах явдал нэмэгдэж буйтай холбоотойгоор АНУ, Хятад холбогдох технологийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэхээр өрсөлдөж буй энэ үед харилцаа холбоо, компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч тус компани “Monaka” процессороор тоноглосон, Японд үйлдвэрлэсэн серверүүдийг Япон болон Европын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мөн мэдэгдсэн байна.

Аюулгүй байдлын үүднээс найдвартай Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний Европт эрэлт нэмэгдэж байгаа нь “Fujitsu”-д хагас дамжуулагчаас эхлээд сервер хүртэлх цогц шийдлүүдийг санал болгоход түлхэц болжээ.   

Өдгөө хиймэл оюунд голчлон график боловсруулах нэгж буюу GPU ашигладаг бөгөөд АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Nvidia” компани энэ зах зээлд давамгайлж байна.

Гэхдээ “GPU”-үүд хиймэл оюун боловсруулалт хийх үед их хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Харин  “Monaka” нь  “inference” буюу суралцсан зүйлсдээ тулгуурлан хариултыг боловсруулдаг тул боловсруулалтын гүйцэтгэлийг нэмэгдүүлэхээс гадна, эрчим хүч хэмнэдэг ажээ. 

“Monaka”-г үйлдвэрлэхдээ Японы тэргүүлэх супер компьютер “Fugaku”-д зориулан боловсруулсан технологид тулгуурлажээ. “Fujitsu”-гийн мэдээлснээр, уг чип нь өрсөлдөгч төв процессоруудтай харьцуулахад тооцооллын гүйцэтгэлийг хоёр дахин нэмэгдүүлж, ижил хэмжээний тооцоолол хийхэд шаардлагатай серверийн тоо болон цахилгаан эрчим хүчний хэрэглээг хоёр дахин бууруулдаг аж.

Тус чипийг Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing” компанид гэрээгээр үйлдвэрлэх бөгөөд цаашдаа Японы чип үйлдвэрлэгч “Rapidus” компанийг үйлдвэрлэлд татан оролцуулах боломжийг мөн судалж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн