Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 6-ны өдөр Украины арми тус хот руу олон тооны дроноор халдлаа. Агаарын довтолгооны улмаас хотын ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хүчин шөнийн турш 376 дроныг буудаж унагасан гэж мэдэгдээд байна. Санкт Петербург, Крым, Азовын тэнгис, Хар тэнгисийг хамарсан 16 бүс нутгийн дээгүүр эдгээр дроныг буудаж унагасан аж.
“Украины дронууд Санкт-Петербург орчмын бүс хүртэл ойролцоогоор 1000 км зам туулж, дайсны тэнгисийн цэргийн хүчний зэвсгийн агуулахууд болон Кронштадт дахь цэргийн баазыг онилсон. Мөн Краснодарын хязгаарын нутаг дэвсгэрт 500 орчим км-т нэвтэрч, газрын тосны агуулахыг онилсон. Орос улс дайнаа зогсоож, хүний аминд халдсан довтолгоонуудаа таслан зогсоох ёстой. Украинд үйлдсэн аливаа шударга бус явдалд бид зохих хариуг нь барих болно.” гэж Зеленский хэлжээ.
Дашрамд дурдахад, Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форум гурван өдөр үргэлжилсэн бөгөөд 130 гаруй улсаас 20 мянга орчим зочин хүрэлцэн иржээ. Форумын эхний өдөр Украины дронууд Санкт Петербургийн газрын тосны байгууламж, тэнгисийн цэргийн баазыг онилсон билээ.