АНУ: ОХУ хамтын ажиллагаагаа ахиулмаар байгаа бол дайнаа дуусгах хэрэгтэй

АНУ, Оросын албан тушаалтнууд Санкт Петербург хотноо болж буй олон улсын эдийн засгийн форумд оролцов. Энэ үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. “ОХУ хамтын ажиллагаагаа ахиулахыг хүсч байгаа бол Украин дахь дайнаа дуусгах хэрэгтэй” гэсэн байр суурийг АНУ илэрхийлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тусгай элч Кирилл Дмитриев АНУ-ыг Кремльд нааштай ханддаг гэж үнэлсэн байна. Тэрбээр Трампын засаг захиргаа яриа хэлэлцээг бүтээлчээр үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг харж байна гэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын хориг арга хэмжээ болон бусад хязгаарлалтуудын улмаас сүүлийн зургаан жилийн хугацаанд хоёр улсын худалдааны эргэлт өмнөх түвшнийхээ аравны нэг хүртэл огцом буурсныг ч онцолсон байна. Тиймээс хоёр орны харилцааг сайжруулах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

Орос дахь Америкийн Худалдааны танхимын ерөнхийлөгч Роберт Ажигийн хэлснээр хоёр улсын хамтын ажиллагааны хэд хэдэн төсөл хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байгаа аж. “Харамсалтай нь өнөөдөр яригдаж буй зарим чухал төсөл нь геополитикийн шийдэл олохоос нааш хэрэгжих боломжгүй. Энэ бол бодит байдал” гэж тэр хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн