Унгарын парламентын сонгууль ирэх сарын 12-нд болно. Тус сонгуулийн дүнд ОХУ хөндлөнгөөс нөлөөлөх вий гэж Унгарын иргэний нийгмийн байгууллагууд санаа зовж байна. Яагаад гэвэл Оросын Гадаад хэргийн яаманд олон жил ажилласан орчуулагч Дарья Боярская Вена хотод төвтэй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын чуулганы ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хүрээнд тэрбээр ирэх сард болох Унгарын парламентын сонгуулийг хянах ажлыг зохицуулж буй.
Дарья Боярская Гадаад хэргийн яаманд ажиллах хугацаандаа Владимир Путин, Дональд Трамп нарын өндөр түвшний уулзалтуудад олон удаа орчуулагчаар ажиллажээ.
Ирэх сард болох сонгууль Виктор Орбаны 16 жилийн эрх мэдлийг эцэслэж магадгүй юм. Гэтэл Европын холбооны удирдагчид дундаас Орост хамгийн элэгтэй нь Виктор Орбан. Тэрбээр Украины ерөнхийлөгч Зеленскийг шүүмжлэхийн зэрэгцээ тус улсад олгох Европын холбооны зээлийг гацаасан нэгэн. Харин дотооддоо тэрбээр иргэний нийгмийн бүлгүүд болон бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг байнга онилдог. Сүүлийн үеийн хэд хэдэн мэдэгдэлдээ тэдгээр байгууллагуудыг зайлуулах шаардлагатай хорхой шавьж гэж хүртэл нэрлэсэн байдаг.
Борская иргэний нийгмийн байгууллагуудыг ирэх долоо хоногт Будапешт хотод болох хаалттай уулзалтад урьсан. Энэ уулзалтын үеэр тэр Унгарын улс төрийн нөхцөл байдлын талаар санаа зовнилоо хуваалцах аж. Будапештын уулзалт нь энгийн нэг уулзалт гэхээсээ илүү дараагийн том арга хэмжээний эхлэл болно. Өөрөөр хэлбэл, энэ уулзалтын дараа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын илүү том ажиглалтын баг Унгарт ирнэ.
Унгарын Хельсинкийн хорооны хамтран даргалагч Марта Пардави “Ийм уулзалтууд нь ихэвчлэн улс төрийн дарамт, сонгуулийн залилангийн эрсдэл, хүний эрхийн идэвхтнүүд болон сэтгүүлчдэд тулгарч буй аюул заналхийлэл зэрэг маш эмзэг мэдээлэл солилцох зорилготой байдаг. Боярская одоо Оросын албан байгууллагуудтай холбоотой хэвээр эсэх нь тодорхойгүй. Гэхдээ нууц яриа гадны хүмүүсийн гарт орох вий гэсэн болгоомжлол үүсвэл хүмүүс ам нээхгүй” гэжээ.
Тиймээс Марта Пардави Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын багаас Боярскаяг нэн даруй хасах саналыг хүргүүлсэн байна.
Гэвч гадны аудитор 2023 онд Боярскаяг шалгасан, түүний эсрэг аливаа мэдэгдлүүд үндэслэлгүй гэсэн хариуг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага өгчээ. Боярская нь тус байгууллагатай 10 жил тасралтгүй хамтран ажиллаад, 2021 онд бүтэн цагаар ажилд орсон аж.