Петер Мадьяр: Путин, Трамп 2 залгавал ярихад бэлэн

Унгарын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 12-нд болж, сонгуулийн дүнгээр Виктор Орбаны 16 жилийн засаглал дуусгавар болсон. Санал хураалтын дүнгээр сөрөг хүчний Тисза нам 138 суудал авсан бол Виктор Орбаны Фидес нам 55 суудал, барууны үзэлтэй Бидний эх орон нам зургаан суудал авчээ.

Тисза намын дарга Петер Мадьяр сонгуулийн ялалтаасаа хойш Европын 10 ч удирдагчтай утсаар ярьжээ. Гэсэн ч Орбаны ойрын холбоотон Владимир Путинтэй яриагүй байгаа аж. Тэрбээр “Хэрвээ Оросын удирдагч өөрөө залгавал би ярихад бэлэн. Гэхдээ тийм зүйл болно гэж бодохгүй байна. Хэрвээ бид ярьдаг л юм бол би түүнээс дайнаа зогсоогооч гэж хүсэх болно. Түүнтэй богинохон яриа өрнүүлж болох л байх, гэхдээ тэр миний зөвлөгөөг хүлээж авахгүй байх” гэжээ.

Харин ОХУ Мадьярын ялалтыг хүндэтгэж буйгаа мэдэгдээд Унгар улстай прагматик харилцаагаа хадгална гэв.

Мадьяр Орбаны ойрын холбоотнуудын нэг Трамптай ч бас утсаар яриагүй. Энэ талаараа тэр ярихдаа “Хэрвээ Трамп над руу залгавал НАТО-ийн хүчтэй холбоотон байдагтаа баяртай явдаг гэдгээ хэлнэ. Би түүнийг ирэх аравдугаар сард болох Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн эсрэг Унгарын бослогын 70 жилийн ойд оролцохыг урих болно” гэжээ.

“BBC”-д өнөө өглөө мэдээлснээр 400 мянган хүний санал тоологдоогүй хэвээр байгаа аж. Эндээс Тисза нам багагүй санал авна гэдэгт итгэлтэй байгаагаа Мадьяр хэлжээ. Тэрбээр Польш, Австри, Герман улсуудад дипломат айлчлал хийхээр төлөвлөөд байна.

Мөн Украины дайны асуудал дээр тэр Виктор Орбанаас тэс өөр байр суурь илэрхийлж байна. Виктор Орбаны хувьд Европын холбоо болон Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг энэ дайнд буруутгасаар ирсэн. Харин Мадьяр “Энэ дайны хохирогч нь Украин гэдгийг унгар хүн бүр мэдэж байгаа” гэжээ. Мөн “Оросууд өөрсдөө ч хэдэн зуун мянгаараа амь үрэгдсэн тул энэ дайн Оросын үүднээс ч утгагүй зүйл” гэв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн