МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 4 /TASS/. “Нобелийн эсрэг шагнал” гэгддэг Шнобелийн шагнал гардуулах 36 дахь удаагийн ёслол пүрэв гарагт Швейцарын Цюрих хотноо болжээ.
Шагналын эздийг шинжлэх ухааны хэд хэдэн салбарт тодруулсан байна. Физикийн салбарын шагналыг шээс үсэрч, цацрахыг багасгадаг эрэгтэйчүүдийн шээлтүүрний загварыг боловсруулсан олон улсын эрдэмтдийн баг хүртжээ.
Химийн салбарын шагналыг мөн олон улсын эрдэмтдийн баг хүртсэн бөгөөд тэдний судалгаагаар амьд зулзага гаргадаг жоомны сүүний уураг нь үнээний сүүний уургаас гурав дахин их энерги агуулдаг болохыг тогтоосон байна.
Японы эрдэмтэн Токүжи Уннод “нусаа зөв нийх үеийн аэродинамик”-ийн судалгаанд нь уг шагналыг нэхэн олгожээ. Мөн шумуулын хошууг ашиглан маш өндөр нарийвчлалтай 3D хэвлэх технологи боловсруулсан дөрвөн орны эрдэмтдийн баг шагналын эзэд болсон байна.
Түүнчлэн могойнууд ихэвчлэн толгойд нь хүрэх үед хатгадаг болохыг тогтоосон судалгаа, мөн нийгмийн дээд давхаргынхан хүмүүс чихэр хулгайлах зэрэг ёс зүйгүй авирлах магадлал өндөртэйг баталсан баримтууд цуглуулсан эрдэмтэд шагнал хүртжээ.
Шнобелийн шагнал буюу Нобелийн эсрэг шагналыг “эхлээд инээд хүргэдэг боловч дараа нь эргэцүүлэхээс аргагүйд хүргэдэг” судалгаанд 1991 оноос хойш жил бүр олгож байгаа юм. Энэхүү шагналыг “Annals of Improbable Research” сэтгүүлээс санаачлан бий болгожээ. 1999 оноос хойш уг шагналыг 10 салбарт олгож байгаа бөгөөд зарим төрөл нь Нобелийн шагналтай давхацдаг бол үлдсэн номинациудыг жил бүр тусгайлан шинээр зарладаг байна.