Премьер лигийн энэ улирлыг шийдэх 5 тоглолт 32-р тойрогт тохионо

Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөн, Аваргуудын лигийн эрх, мөн дээд лигт үлдэх тэмцэл үргэлжилсээр байна. Ирэх амралтын өдрүүдэд тун ач холбогдолтой хэд хэдэн тоглолт биднийг хүлээж байна.

Вест Хэм Юнайтед vs Вулверхемптон – 4-р сарын 10

Баасан гарагт хүнд нөхцөлд орсон хоёр баг учраа таарна. Вест Хэм унах бүсэд байгаа ч 17-д бичигдэж буй Тоттенхэмээс ердөө 1 оноогоор хоцорч байна. Өнгөрсөн амралтын өдөр ФА капаас драматик байдлаар хасагдсаны дараа Нуно Эсприто Сантогийн баг одоо зөвхөн амьд үлдэх тэмцэлдээ анхаарах боломжтой болсон.

Харин Вулверхэмптон улирлын турш сүүл мушгисан ч сүүлийн 3 тоглолтоос 7 оноо авч, Европын эрхийн төлөө өрсөлдөж буй багуудыг хожсон. Тэд Астон Виллаг дербид ялж, Ливерпулийг сенсацтайгаар буулган авч, Брэндфордод 2 гоолоор хожигдож яваад тэнцсэн.

Улирлын эхний хагаст “Алхнууд” 0-3-аар хожигдсон ч талбайдаа тэд сүүлийн 5 тоглолтод Вулвсыг дараалан хожоод байна.

Арсенал vs Борнмут – 4-р сарын 11

Арсенал энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж орж ирж байгаа ч оноо алдах эрх бараг байхгүй. Ирэх долоо хоногт тэд Манчестер Сититэй зочлон тоглох тул Борнмутын эсрэг алдаа гаргавал аваргын өрсөлдөөн шууд хүндэрнэ.

“Интоорууд” бол амархан дийлдэх баг биш. Улирлын эхний тоглолтод Арсенал айлын талбайд эхэлж гоол алдсан ч 3-2-оор хожсон.

Микель Артетагийн баг сүүлийн үед цомын тэмцээнүүдэд бүтэлгүйтсэн нь сэтгэлзүйд нь нөлөөлсөн байж магадгүй. Тэд Лигийн цомын финалд Ман Ситид хожигдож, дараа нь ФА капд Саутхемптонд ялагдан хасагдсан.

Ливерпуль vs Фулхем – 4-р сарын 11

Ливерпуль одоогоор 5-р байрт явж байгаа бөгөөд Челсигээс 1 оноогоор илүү, Брэнтфордоос 3 оноогоор тасарч байна. Аваргуудын лигийн эрх авах боломж нь тодорхойгүй хэвээр байгаа тул Фулхэмтэй хийх тоглолт тун хүнд сорилт болно.

Улирлын эхний тоглолтод Фулхэм 97 дахь минутад гоолдож 2-2 болгож тэнцсэн. Марко Силвагийн баг Ливерпулийн эсрэг сүүлийн 3 тоглолтод ялагдаагүй бөгөөд Европын тэмцээнд орох боломжтой хэвээр байна.

Челси vs Манчестер Сити– 4-р сарын 12

Амралтын өдрийн онцлох тоглолт Лондонд болно. Манчестер Сити аваргын өрсөлдөөнд үлдэхийг хүсвэл заавал 3 оноо авах ёстой. Харин Челсид ч ялалт хэрэгтэй. Сүүлийн бүтэлгүйтлүүдийн дараа тэд Аваргуудын лигийн эрхийн өрсөлдөөнд хоцорч эхэлсэн.

Лиам Росенерийн баг хожигдвол 6-р байраа алдах эрсдэлтэй.

Улирлын эхний тоглолтод Челси төгсгөлд нь гоолдож 1-1 болгож байсан. Үүнээс өмнө тэд Пепийн багт дараалан 4 удаа хожигдсон бөгөөд сүүлд 2021 оны Аваргуудын лигийн финалд ялсан.

Манчестер Юнайтед vs Лийдс Юнайтед – 4-р сарын 13

Эдгээр багуудын өрсөлдөөн баялаг түүхтэй бөгөөд энэ удаа хүснэгтийн байрлалын хувьд бүр ч чухал байна. Ман Юнайтед 3-р байраа хадгалж, Аваргуудын лигт эргэн орохыг зорьж байгаа бол Лийдс доош унахгүй байх тэмцэлд оролцож байна. Тэд одоогоор 18-р байрт яваа Вест Хэм Юнайтедаас 4 оноогоор илүү.

Улирлын эхний тоглолт 1-1-ээр тэнцсэн бөгөөд Даниел Фаркеийн баг сүүлийн 7 тоглолтод ердөө 2 удаа хожигдсон. Мөн тэд Вест Хэмийг хожиж, 39 жилийн дараа FA Cup-ийн хагас шигшээд шалгарсан нь өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн.Иймээс Олд Траффорд дахь тоглолт Майкл Каррикийн багт амархан байхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн