Э. Даваанасан өнөөдөр Азийн аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бишкек хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2026.4.9/ эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн медальтнууд тодорно.

Өчигдөр Монголын таван бөх дэвжээнд гарснаас 76 кг-д Э.Даваанасан финалд шалгарч, мөнгөн медалийн болзол хангаад байна. Тэрээр өнөөдөр Кыргызстаны нэрт бөх Айпери Медет Кызытай алтан медалийн төлөө барилдана.

Айпери нь дэлхийн аваргын хошой мөнгө, нэг хүрэл медальтай. Азийн наадмын аварга туршлагатай тамирчин юм. ДАШТ-ий мөнгө медальт Э.Даваанасан Азийн аваргын финалд анх удаа шалгарч байгаа нь онцлох амжилт болж байна. Мөн 55 кг-д О.Ариунзаяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн төлөө барилдах бол 50 кг-д Б.Мөнхнар дагах барилдаан хийхээр болсон байна.

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн