КИЕВ, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /DW/. Улаан өндөгний баярын эвлэрэл зарлаж байгаагаа Оросын тал мэдэгдсэний хариуд Украины Ерөнхийлөгч В.Зеленский үүнтэй ижил алхам хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрбээр өчигдөр нийгмийн сүлжээнд бичихдээ, Украины тал Улаан өндөгний баярын үеэр гал зогсоохыг санал болгож байсныг дурдлаа.
“Ийм алхам хийхэд бэлэн байгаагаа Украины тал хэдэнтээ мэдэгдсэн. Аюулгүй тайван Улаан өндөгний баяр, энхийн зүгт чиглэсэн бодитой алхмыг хүмүүс хүсэж байна” гэж Украины Ерөнхийлөгч бичжээ.
Өчигдөр Кремлийн ордны цахим хуудсанд бичсэнээр, Улаан өндөгний баярыг тохиолдуулан Москвагийн болон Киевийн цагаар 11-ний өдрийн 16 цагаас 12-ны өдрийг дуустал гал зогсоох тухай шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гаргасан байна.
Дөрөвдүгээр сарын эхээр В.Зеленский мэдэгдэхдээ, Украины тал Улаан өндөгний баярын үеэр гал зогсоохыг хэд хэдэн удаа санал болгож байсныг дурдсаны зэрэгцээ “эрчим хүчний эвлэрэл” тогтоох асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Одоогоос нэг жилийн өмнө, Улаан өндөгний баяраас нэг хоногийн өмнө буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ний орой Оросын Ерөнхийлөгч В.Путин байлдааны ажиллагааг зогсоож байгаагаа зарлаж байв. В.Зеленский үүнийг дэмжсэн бөгөөд гал зогсоох хугацааг сунгахыг Оросын талд санал болгосон юм.