Папуа Шинэ Гвиней улсын засгийн газар Нью Ирланд арлын эргийн зарим хэсэгт загасчлахгүй байхыг иргэддээ анхааруулжээ. Учир нь тухайн арал орчмын далайн усны дээжээс аюултай металл илэрсэн байна.
Кафкаф болон Лараиру лагуны ойролцоох тосгоны хүмүүс 2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн олон тооны үхсэн загас эрэг дээр гарч ирж байгааг анзаарчээ. Оршин суугчдын хэлснээр загаснуудын нүд хавдсан, арьс нь гэмтсэн, мах нь өнгөө алдсан байв. Загас агнуурын сайд Желта Вонг хэлэхдээ, эхний шинжилгээгээр далайн усанд хортой эрдэс бодис илэрсэн бөгөөд шалтгааныг тогтоохоор нэмэлт судалгаа үргэлжилж байна гэв. Тосгоны иргэд загасчлалаар хоол хүнс, орлогоо залгуулдаг ч эрх баригчид шинжилгээ дуусах хүртэл тухайн бүсийн загас, далайн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн зарим оршин суугчид далайд сэлэх эсвэл загас барьсны дараа эрүүл мэндийн асуудалтай болсон гэж мэдээлсэн байна. Тэд ус яг л хүхэр шиг үнэртэй, булингартай эсвэл өнгөө өөрчилсөн харагдаж байсан гэж ярьжээ. Байгаль хамгааллын “Ailan Awareness” байгууллагын мэдээлснээр, дор хаяж 11 тосгоны 1,250 гаруй хүн өвдсөн байж болзошгүй аж. Тус байгууллага гуравдугаар сард хийсэн судалгаагаар 15 гаруй төрлийн нийт 3,400 гаруй үхсэн далайн амьтан илрүүлжээ.
Орон нутгийн удирдагчид хүмүүс аюулгүй загасчилж чадахгүй болсон тул гэр бүлүүд хүнс болон орлогоо залгуулахад хүндрэлтэй байдалд орсон гэж хэлэв. Тосгоны удирдагч Марта Пивас “Тэнгис бол бидний супермаркет, бас бидний цэцэрлэг” хэмээн ярьжээ. Бохирдлын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эрдэмтэд болон засгийн газрын байгууллагууд мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж байна.