Цөмийн хүчний сургуулилалтын хүрээнд пуужингийн бригад байрлаж буй хөрш Беларусь улсын нутаг дэвсгэрт цөмийн цэнэгт хошуунуудыг хүргэсэн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэхүү алхам нь Украин болон Европын орнуудын зүгээс хариу үйлдэл хийхэд хүргэж болзошгүй байна.
Тус яамнаас пүрэв гарагт олон нийтийн сүлжээнд мэдээлснээр, Беларусийн бригад зенитийн пуужингийн “Искандер-М” цогцолборын харвах төхөөрөмжид “тусгай хошуу”-г ачиж, товлосон бүс рүү нууцаар шилжин байрлаж байна. “Искандер-М” бол ойрын тусгалтай баллистик пуужин юм. Дүрс бичлэгт ачааны машинууд ой дундуур явж байгаа нь, мөн харвах төхөөрөмжүүдэд пуужингуудыг суурилуулж байгаа нь харагдана.
Өмнө нь тус яамнаас цөмийн хүчний бэлэн байдлыг шалгах, цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлтгэх зорилготой, пүрэв гараг хүртэл үргэлжлэх гурван өдрийн сургуулилалт эхлүүлсэн тухай мэдэгдсэн юм. Уг сургуулилалтад 64 мянга гаруй цэрэг оролцож байна.
Беларусийн Батлан хамгаалах яамнаас мөн цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх, ашиглах зэрэг ажиллагааны журмыг боловсруулах зорилгоор ОХУ-тай хамтран сургуулилалт хийж байгаагаа мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Беларусь улс Орост үйлдвэрлэсэн дунд зайн тусгалтай “Орешник” баллистик пуужинг нутаг дэвсгэртээ байрлуулсан тухайгаа мэдээлж байсан юм. “Орешник” пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээдэг ажээ.