Оросын дарвуулт завь Ормузын хоолойгоор дамжин өнгөрчээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотнуудын нэгтэй холбоо хамаарал бүхий дарвуулт завь Ормузын хоолойгоор хоригийг үл харгалзан дамжин өнгөрчээ. “Nord” гэх тансаг зэрэглэлийн тус завь нь Оросын тэрбумтан Алексей Мордашовынх бөгөөд 142 метр урт. Мөн тус завь нь 500 сая ам.долларын үнэтэй. Барууны хоригт байдаг Алексей Мордашов завины албан ёсны эзэмшигч биш ч завь 2022 оноос хойш түүний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм.

Завь Дубайгаас Маскат хүрэх замдаа Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн аж. Тэнгисийн хөдөлгөөнийг хянадаг платформд мэдээлснээр, “Nord” завь өнгөрсөн Баасан гаригт /2026.04.24/ Дубайгаас хөдөлж, Ням гаригийн өглөө Оманы нийслэл дэх Аль Маж боомтод иржээ.

“Superyacht Times” хэвлэлд мэдээлснээр, “Nord” завь нь өөр дээрээ усан сантай, нисдэг тэрэгний талбайтай.

Алексей Мордашовын хувьд “Severstal” гангийн үйлдвэрийг удирддаг. “Forbes” сэтгүүл түүний нийт хөрөнгийг 37 тэрбум ам.доллар гэж тооцоолсон байдаг.

Хоригоос шалтгаалаад Персийн булангаар дамжин өнгөрөх далайн тээвэр дайны өмнөх үеэс хамаагүй багассан. Ихэнх хөлөг тус бүсээр дамжин өнгөрөхөөс зайлсхийж байгаа ч Оросын дарвуулт хүрэх газартаа аюулгүй хүрч чаджээ.

АНУ, Ираны хооронд энхийн хэлэлцээ үргэлжилж буй энэ өдрүүдэд Тегеран Москватай харилцаагаа бататгахаа ч мартаагүй. Тодруулбал, талууд энэ долоо хоногт өндөр дээд түвшний хэлэлцээ хийсэн билээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин Санкт Петербург хотноо Даваа гаригт Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авчээ. Путин энэ үеэр Ираны ард түмэн Америк, Израилийн дарамтын эсэргүүцэн, тусгаар тогтнолынхоо төлөө зоригтойгоор тэмцэж байгаа гэж магтсан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн