Хойд Солонгос улс Украины дайнд Оросын талд тулалдаж амиа алдсан цэргүүдийнхээ дурсгалд зориулж музей байгуулжээ. Гадаад дахь Цэргийн ажиллагааны үеэрх баатарлаг гавьяаг дурсах музей Ням гаригт (2026.04.26) нээлтийн ёслолоо хийсэн. Энэхүү өдөр нь мөн Курск мужийг Украины мэдлээс “чөлөөлсөн” нэг жилийн ой гэж Пёньян болон Оросын тал үзэж байна.
Хойд Солонгосын төрийн мэдлийн Төв мэдээний агентлагийн (KCNA) мэдээлснээр, удирдагч Ким Жон Ун музейн нээлтийн арга хэмжээнд Төрийн Думын дарга Вячеслав Володин, батлан хамгаалахын сайд Андрей Белоусов зэрэг Оросын өндөр албан тушаалтнуудын хамт оролцсон байна.
Өмнө нь Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг Хойд Солонгос улс Оросын талд тулалдуулахаар Курск муж руу 15 мянга орчим цэрэг илгээсэн гэж мэдээлж байв. Тэдний 2000 орчим нь амиа алдсан гэж тооцоолсон. Гэхдээ Москва болон Пёньян тухайн мэдээллийг баталгаажуулаагүй бөгөөд ямар ч тоо баримт гаргаагүй юм.
Ким Жон Ун ёслолын үеэр нас барсан цэргүүдийн булш дээр шороо цацаж, цэцэг өргөжээ. Мөн тэрбээр Оросын өндөр албан тушаалтнуудтай хамт зочдын нэрсийн дэвтэрт гарын үсэг зурсан байна. Ким Жон Ун үг хэлэхдээ, хойд солонгос цэргүүд бол Солонгосын ард түмний баатарлаг байдлын бэлгэдэл хэвээр үлдэж, “Солонгос, Оросын ард түмний ялалтын цувааг” дэмжих болно гэжээ. Тэрбээр мөн АНУ болон тус улсын холбоотнуудыг Орос-Украины фронтод “ноёрхох хуйвалдаан явуулж, цэргийн дэг журмыг зөрчиж байна” гэж буруутгаж, энэхүү хүчин чармайлтыг тасалдуулсан Орос, Хойд Солонгосын хүчнийг сайшаасан байна. Түүнчлэн, Ким Жон Ун тусдаа Белоусовтой уулзаж, Оросын тусгаар тогтнол, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах бодлогыг нь үргэлжлүүлэн дэмжих болно гэдэг амлалт өгсөн гэж “KCNA” мэдээлэв.
Белоусов хариуд нь Москва Пёньянтой 2027 он хүртэлх цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна.
Володин ерөнхийлөгч Владимир Путины илгээсэн захидлыг мөн уншсан байна. Уг захидалд, шинэ музей нь Орос болон Хойд Солонгосын бат бөх нөхөрлөлийг илтгэх болно гэж онцолсон байв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээ амласан байна. Орос улс 2022 онд Украинд халдсанаас хойш Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гадаад бодлогоо Москва руу илүү чиглүүлсэн.
Шинжээчдийн хэлснээр, Хойд Солонгос Орост цэрэг болон зэвсэг нийлүүлж, хариуд нь эдийн засгийн тусламж болон магадгүй дэвшилтэт технологи авч байгаа. Өмнөд Солонгос, АНУ болон тэдний холбоотнууд Орос улс Хойд Солонгост цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөрийг нь сайжруулахуйц нууц технологи дамжуулж магадгүй гэж санаа зовж байна. Үүнээс гадна Курскийн бүсэд тулалдаж байсан Хойд Солонгосын цэргүүд эхэндээ туршлагагүй, газар нутгийг сайн мэдэхгүй байсан тул их хохирол амссан гэж шинжээчид үзэж байна. Энэ нь тэднийг Украины дрон болон их бууны довтолгоонд өртөмтгий болгосон. Гэхдээ дараа нь Украины талын албаныхны хэлснээр, Хойд Солонгосын цэргүүд хурдан суралцаж, тулалдааны туршлага олж, Оросын довтолгоонд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна.

















