Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Украин улс Оросын хилээс 1,700 километрийн зайд байрлах цэргийн зориулалттай үйлдвэрт алсын зайн цохилт өгсөн” гэж мэдэгдлээ. Зеленский Бямба гаригт олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ, Украины Аюулгүй байдлын алба Оросын цэрэг, аж үйлдвэрийн чухал байгууламжийг онилсон гэжээ. Тэрбээр мөн Оросын баруун хэсэгт байрлах халдлагын газрын ойролцоо авсан гэж үзэж буй бичлэгийг нийтэлсэн байна. Зеленскийн хэлснээр, уг үйлдвэр нь Оросын нисэх онгоц болон дрон зэрэг цэргийн техникэд ашиглагддаг химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Тэрбээр халдлагын улмаас үйлдвэрийн ажиллагаа зогссон байж магадгүй гэж мэдэгджээ.
Сүүлийн үед Украин Оросын нутаг дэвсгэр дэх дроны довтолгоогоо эрчимжүүлж байгаа юм. Өнгөрсөн Ням гаригт Москва хотын орчим дахь хэд хэдэн газарт дроны халдлага болсон байна. Мөн Украины Аюулгүй байдлын алба Оросын эзэлж буй Луганск мужид хийсэн дроны цохилтуудын үеэр дроны бааз болон төрийн байгууллагын барилгууд өртөж, Оросын талд 80 гаруй хүн хохирсон гэж мэдэгдэв.
Үүний зэрэгцээ, Оросын хэвлэлүүд Луганскт болсон дроны халдлагын улмаас оюутны дотуур байр болон боловсролын байгууламж өртөж, амь үрэгдсэн хүний тоо 18 хүрсэн гэж мэдээлжээ. Түүнчлэн Оросын ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яамандаа Украинд хариу арга хэмжээ авах хувилбаруудыг боловсруулах үүрэг өгсөн гэж мэдээлсэн байна.