Орос, Украины талууд тус тус 205 хоригдол солилцлоо

Орос, Украин улсууд тавдугаар сарын 14-нд 205 хоригдол солилцлоо. Украины ерөнхийлөгч Зеленскийн хэлснээр суллагдсан украинуудын ихэнх нь 2022 оноос хойш хоригдож байсан аж. Харин Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр суллагдсан 205 оросыг Беларусь руу хүргэсэн бөгөөд тэнд тэдэнд эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үзүүлж байгаа аж.

Энэхүү солилцоо нь богино хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн нэг хэсэг байсан билээ. Гэвч гал зогсоох хэлэлцээртэй зэрэгцээд ОХУ-ын арми Украин даяар асар том цохилтууд өгч эхэлсэн юм. Украины албаныхны мэдээлснээр тавдугаар сарын 13-14-ний хоорондох ердөө 24 цагийн дотор Орос 1410 дрон, 56 пуужинг Украины хотууд болон суурингууд руу харвасан байна.

Нийслэл Киев хотод орон сууцны барилга цохилтод өртөж, 24 хүн амиа алдаад байна.

Оросын X-101 далавчит пуужин байшинг бараг газартай тэгшилсэн бөгөөд Украин даяар гашуудал зарлажээ. Ослын газарт ерөнхийлөгч Зеленский гашуудлаа илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр “Амьдрал, итгэл найдварыг санаатайгаар устгаж байгаа мөртлөө шийтгэлгүй үлдэхийг хүсч буй Орост дарамт шахалт үзүүлэх ёстой” гэжээ.

X-101 далавчит пуужинг ОХУ сүүлийн үед үйлдвэрлэсэн аж. “Энэ нь ОХУ пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиуд, нөөц, тоног төхөөрөмжийг дэлхийн хориг арга хэмжээг тойрон импортолсоор байгааг харуулж байна” гэж Зеленский хэлжээ.

Нөгөө талд Украины арми Москвагаас зүүн өмнө зүгт орших Рязань хотод цохилт өгч, дөрвөн хүн амиа алджээ. Агаарын цохилтын улмаас хоёр орон сууцны барилга гэмтсэн байна. Украины дроны хүчний командлагчийн мэдээлснээр, тэд Рязань дахь газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон аж. Рязань дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь Оросын хамгийн том үйлдвэрүүдийн нэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн