Усан спортын олон улсын удирдах байгууллага болох Дэлхийн Усан спортын холбоо Орос, Беларусь улсын бүрэн гишүүнчлэлийн эрхийг сэргээж, тамирчдыг нь төрийн далбаа, төрийн дуулал дор өрсөлдөх боломжийг олгож буйгаа Даваа гаригт (2026.04.13) зарлажээ. Дэлхийн Усны спортын холбооны хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, “Беларусь эсвэл Оросын насанд хүрэгчдийн ангиллын усан спортын тамирчид Дэлхийн усан спортын тэмцээнд бусад үндэстнийг төлөөлж буй тамирчдын адил оролцохыг зөвшөөрнө. Энэ хүрээнд гишүүнчлэлийн эрхийг нь бүрэн сэргээж байна” гэсэн байв.
Энэхүү шийдвэр ОХУ-ын Усан спортын холбооны ерөнхийлөгч Дмитрий Мазепин 2028 оны Лос Анжелесийн олимпоос өмнө орос тамирчдыг саармаг статустайгаар оролцуулахгүйн тулд хүчтэй лобби хийсний дараа гарч байна.
Тэрбээр Дэлхийн Усан спортын холбооны ерөнхийлөгч Хусайн Аль-Мусалламтай уулзаж, Оросын тамирчдыг дээд түвшний тэмцээнд дахин оролцуулах талаар ярилцжээ. Учир нь өнгөрсөн жил Оросын тамирчдыг зөвхөн Сингапур дахь Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээнд саармаг статустайгаар оролцохыг зөвшөөрсөн. Үүнийг дахин давтуулахгүй байх тал дээр анхаарч ажилласан гэж албаныхан мэдээлсэн байна.
Дэлхийн Усан спортын холбоо нь Олон улсын олимпын хорооны харья бөгөөд 2022 онд Орос-Украины дайн гарсны дараа Орос, Беларусын тамирчдыг Олимпын дүрмийг зөрчсөн гэж үзэн тэмцээнд орохыг нь хориглосон байдаг.
Гэсэн хэдий ч Дэлхийн Усан спортын холбооны ерөнхийлөгч Даваа гаригт гаргасан мэдэгдэлдээ, өнгөрсөн гурван жилийн хугацаанд спортын талбарт улс төрийг оруулахгүй байхад анхаарч ажилласан гэж нэмж тэмдэглэсэн байна. Өмнө нь Орос, Беларусын залуу тамирчдыг далбаа болон төрийн дууллаа ашиглан тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн байсан. Цаашид тус хоёр улсын тамирчид шалгалт болон допингийн олон удаагийн шалгалтад хамрагдах шаардлагатай. Тухайлбал, 2016 оноос хойш Оросын тамирчид допингийн дуулиан болон 2022 оны дайны улмаас төрийн далбаа, төрийн дууллаа ашиглах эрхээ хязгаарлуулсаар ирсэн. Олон улсын олимпын хорооны хувьд, өнгөрсөн хугацаанд аажмаар зарим дүрмийг зөөлрүүлж, цэргийн болон аюулгүй байдлын байгууллагатай холбоогүй гэдгээ баталсан зарим Орос, Беларусын тамирчдыг саармаг статустайгаар оролцохыг зөвшөөрч эхэлсэн.