Унгарын сонгуульд нам нь ялагдал хүлээсэн Виктор Орбан дахин парламентад суудал авахгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр түүний 16 жилийн засаглал дуусч байна. Тэрбээр өчигдөр /2026.04.25/ цахим хуудаснаа, “Би парламентад хэрэггүй, харин эх орон ч хөдөлгөөнд хэрэгтэй” гэж бичсэн байна.
Орбаны үндсэрхэг үзэлт Фидес нам дөрөвдүгээр сарын 12-ны сонгуульд 135 суудлаас 52 суудалтай болж олонхоо алдсан.
Гэвч нам нь ялагдсан ч Орбан намын жагсаалтаар парламентын гишүүнээр сонгогдсон хэвээр байв. Харин Фидес намын хуучин гишүүн Петер Мадьярын удирдсан Тисза нам 199 суудалтай парламентад гуравны хоёроос илүү суудал авч ялалт байгуулжээ. Энэ хүчтэй ялалт нь Унгарын дотоод бодлого болон гадаад харилцаанд томоохон өөрчлөлт хийх боломжийг нээж байна.
Намын удирдлагуудтай уулзсаны дараа 62 настай Орбан Фидес намын парламент дахь бүлгийг Даваа гаригаас эхлэн Гуляш Гергей удирдана гэж мэдэгдэв.
Гергей өмнө нь ерөнхий сайдын тамгын газрыг хариуцсан сайдаар ажиллаж байсан юм. Харин Орбан парламентын суудлаа Фидес намын суудал тул түүнийг буцаан өгөхөөр шийдсэн гэж хэлжээ. Орбан 1990 оноос хойш парламентын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Фидес намыг удирдсан. Тэрбээр 2010 оноос хойш ерөнхий сайдаар ажиллаж, Унгарын улс төрийн хамгийн нөлөө бүхий хүн болсон юм. Гэвч авлигын хэргүүдийн тухай гомдол, мөн иргэдийн амьжиргааны түвшин буурсан нь олон сонгогчдыг түүнээс нүүр буруулахад хүргэсэн байна.