Палестины хойд хэсгийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт суурьшуулах зорилгоор Израиль улс Энэтхэгийн Манипур, Мизорам мужаас ойролцоогоор 240 хүнийг авчирчээ. Энэ нь олон мянган шинэ суурьшигч авчрах төлөвлөгөөний нэг хэсэг юм. Израилийн цагаачлал, нийгэмшлийн сайд Офир Софер тус үйл явдлыг түүхэн мөч гэж тодорхойлсон байна. Учир нь Энэтхэгээс ирсэн хүмүүс нь Бней Менаше гэх еврей гаралтай гэж тэрбээр тайлбарлажээ. Бней Менаше хүмүүс мөн адил өөрсдийгөө эртний израильчуудын удам гэж үздэг. Гэхдээ үүнийг батлах тодорхой түүхэн болон генетикийн нотолгоо байхгүй.
Цаашид тухайн нийгэмлэгийнхэн Палестины янз бүрийн бүсэд, тухайлбал эзлэгдсэн Баруун эрэг дэх Израилийн суурьшлын бүсэд суурьших болно.
Бней Менашед ойролцоогоор 10 мянган хүн харьяалагддаг бөгөөд ихэнх нь одоо ч Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Манипур, Мизорам мужид амьдардаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд тэдний бараг тал хувь нь Израиль руу нүүсэн байна. Тэд өөрсдийгөө Библид дурдагддаг Манассегийн овгийн удам гэж үздэг бөгөөд 2,800 гаруй жилийн өмнө төрөлх нутгаасаа цөлөгдсөн тул Энэтхэгт үр хойч нь суурьшсан гэж итгэдэг.
Бней Менаше хүмүүс нь Энэтхэгийн Куки угсаатны бүлэгт хамаардаг бөгөөд Төвөд-Бирмийн хэлний бүлэгт багтдаг. Ерөнхийдөө зүүн Азитай холбоотой хэлээр ярьдаг.
Куки угсаатны ихэнх нь 20-р зууны эхээр номлогчдын нөлөөгөөр Христийн шашинд орсон байдаг. Харин 1970-аад онд Израилийн судлаачид Куки уламжлалын зарим зан үйл нь еврей заншилтай төстэй байж магадгүй гэж үзсэн. Түүнээс хойш аман түүх, дуу, зан үйлүүд нь эртнээс израиль гаралтай гэсэн тэдний итгэлийг улам бэхжүүлжээ. Үүнээс гадна Бней Менаше хүмүүсийг Палестинд суурьшуулах нь сионист үзэл санааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг гэж Израилийн Еврей агентлагийн гүйцэтгэх захирал Дорон Алмог тодорхойлжээ.