ОХУ дахь хятад ажилчид жагсч байна

ОХУ-ын Алс дорнодод Хабаровск мужид байрлах “Rosneft”-ийн газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж басан хятад ажилчид Ням гаригт /2026.04.12/ цалингаа нэхэн жагсчээ. Тодруулбал, Орос-Хятадын гэрээт гүйцэтгэгч “Петро-Хехуа” компанийн дор хаяж 200 ажилтан Комсомольск-на-Амуре хотын гудамжинд гарч жагссан байна. Тэд цалингаа цаг хугацаандаа авах шаардлагыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон “Rosneft”-ийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нарт хүргүүллээ.

“Rosneft”-ийн харьяа Комсомольскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлагууд болон хотын захиргаанаас ажилчидтай холбоо тогтоож, тусламж үзүүлэхээ амласан байна. Комсомольскийн газрын тос боловсруулах үйлдвэр Хятадын “Хайхуа” аж үйлдвэрийн группын охин компани болох “Петро-Хехуа”-д бүрэн төлбөр өгсөн учир ажилчдад цалин өгөхгүй гэж мэдэгджээ.

Бүс нутгийн прокурорууд энэхүү жагсаалтай холбогдуулан ОХУ-ын хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг шалгаж байна. Хэрвээ ажилчид цалингүй ажиллаж байгаа нь үнэн бол зохих арга хэмжээг авна гэдгээ мөн амлалаа.

Хятад ажилчдыг нутаг буцахад нь тусална гэж амласан “Петро-Хехуа” компанийн гүйцэтгэх захирал одоогоор гадаадад байгаа бөгөөд жагсагчидтай уулзаж амжаагүй байна. Оросын Гадаад хэргийн яам болон Хятадын Хабаровск дахь консулын газар уг асуудлыг зохицуулах хүчин чармайлтад нэгджээ. Үүний зэрэгцээ ажилчид үймээн шуугиан дэгдээхээс сэргийлж Үндэсний гвардын цэргүүдийг хотод байршуулаад байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн