АНУ болон Итали улс “Flintlock 2026” гэдэг нэртэй цэргийн сургуулилалтыг энэ долоо хоногт эхлүүлэх ба түүнд 30 гаруй улс оролцоно. Ливи улсын нутаг дэвсгэрт анх удаа хийх энэхүү сургуулилалтыг АНУ-ын Зэвсэгт хүчний Африкийн командлал удирдан явуулна гэж Төрийн департаментын цахим хуудсанд мэдээлжээ.
АНУ, Ливи болон Италийн удирдлагууд “Flintlock 2026” сургуулилалт Ливи улсад эхэлнэ гэдгийг баталжээ. Сургуулилалтыг албан ёсоор нээх ажиллагаа энэ долоо хоногт Сирт хотод болно.
Сургуулилалтад голдуу Африк тивийн орнууд оролцох ажээ. Хамтарсан сургуулийг зохион байгуулах хоёр дахь улс нь Кот-д’Ивуар байх юм. “Сургуулилалтын явцад оролцогч бүх орны байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор агаар, газар болон тэнгисийн цэргийн ажиллагааны цогц хувилбаруудыг боловсруулна” гэж Төрийн департамент мэдээлжээ.
АНУ-ын хувьд энэхүү сургуулилалтаар дамжуулан Ливийн сөргөлдөгч хоёр засгийн газрын зэвсэгт хүчнийг нэгтгэх зорилготой байгааг Төрийн департаментын мэдэгдэлд онцолжээ. “Энэхүү сургуулилалтад оролцож буй Ливийн цэргийнхэн тус улсад бат бөх энх тайвныг тогтооход зайлшгүй шаардлагатай цэргийн нэгдсэн бүтцийг бий болгох үндэс суурийг тавина” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Африк, Арабын орнуудын асуудал эрхэлсэн ахлах зөвлөх Массад Булос хэлсэн байна.
2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафиг түлхэн унагаж, амь насыг нь хөнөөсний дараа тус улс нэгдсэн төр засаггүй болсон юм. Сүүлийн хэдэн жилд тус улсын баруун хэсэгт орших Триполи хот дахь эрх баригчид болон Ливийн үндэсний армийн (ЛНА) дэмжлэгтэй зүүн нутгийн эрх баригчдын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр иржээ. 2021 онд НҮБ-ын ивээл дор Женевт болсон Ливийн улс төрийн яриа хэлэлцээний форумын үеэр бүх нийтийн сонгууль явуулах хүртэл шилжилтийн засгийн газрыг байгуулсан боловч сонгууль одоог хүртэл болоогүй байна. Одоогоор Ливид бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй хоёр засгийн газар ажиллаж байна. Эхнийх нь НҮБ-ын дэмжлэгтэй Абдель Хамид Дбейбагаар удирдуулсан Триполи дахь засгийн газар, хоёр дахь нь Усама Хаммадаар удирдуулсан, анх Бенгазид байрлаж байгаад Сирт хот руу нүүсэн засгийн газар юм.