Ли Жэ Мёны мэдэгдэл Израилийн дургүйцлийг хүргэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Израилийн засгийн газрын “дургүйг” хүргээд байна. Учир нь Газын эзлэгдсэн Баруун эрэгт нэгэн барилгаас Израилийн цэргүүд хүний биеийг түлхэн унагааж буйг харуулсан видеог Ли “Х” хуудсандаа нийтэлжээ. Уг видео нь 2024 онд цахим сүлжээнд нийтлэгдэж байсан бөгөөд Ли “Бид ийм зүйл үнэхээр болсон үгүйг мэдэх хэрэгтэй. Хэрэв болж өнгөрсөн байх юм бол ямар арга хэмжээ авсныг мэдэх хэрэгтэй” гэж Баасан гаригт (2026.04.10) нийтэлжээ. Түүний энэхүү нийтлэл газар авч, хоёр орны 60 жилийн түүхтэй дипломат харилцаанд сэв суулгах хэмжээнд очжээ.

Ли мөн дайны үед хүн алах нь холокост болон Японы колоничлолын үед эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлолд өртүүлж байсантай ямар ч ялгаа байхгүй гэж буруутгасан байна.

Үүнийг Израилийн Гадаад хэргийн яам шүүмжилж, холокосттой харьцуулж байгаа нь хүлээн зөвшөөрөгдөшгүй хэмээн хариу өгчээ. Яамны мэдэгдэлд дурдсанаар “Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёны Холокостын дурсгалын өдрийн өмнөхөн еврейчүүдийг хөнөөсөн явдлыг энгийн мэт тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөх ёсгүй, харин ч хатуу шүүмжлэх ёстой” гэсэн байв. Мөн “Ямар нэгэн сонин шалтгаанаар Ли 2024 оны мэдээллүүдийг ухаж, одоо болж буй нөхцөл байдлын талаар хуурамч мэдээлэл өгөх видео бичлэг ашигласан” гэж шүүмжилсэн байна.

Израилийн Гадаад хэргийн яам Лигийн ашигласан видео бичлэгийн тухай тайлбарлахдаа, энэ үйл явдал нь цэргүүдийн амь насанд шууд аюул заналхийлсэн ажиллагааны үеэр болсон гэж мэдэгдсэн.

Мөн уг хэргийг хоёр жилийн өмнө бүрэн шалгаж, шийдвэрлэсэн гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Мөн тус яам Лид хандаж, мэдээлэл нийтлэхээсээ өмнө нягтлах нь зүйтэй гэв.

Гэсэн хэдий ч Ли дараа нь тайлбар хийж, 2024 оны есдүгээр сард болсон бодит явдал гэдгийг онцлон, АНУ ч уг явдлыг шүүмжилж байсан хэмээн мэдэгджээ. Тэрбээр мөн олон улсын хуулийг ямар ч нөхцөлд дагаж мөрдөх ёстой бөгөөд хүний нэр төрийг хамгийн чухал үнэт зүйл хэвээр байлгах ёстой гэж сануулсан байна.

“CNN”-ийн мэдээллээр, хоёр орны дунд маргаан дэгдээсэн энэхүү видео бичлэгийг 2024 онд Баруун эрэг дэх Женин хотын ойролцоох Кабатия тосгоны оршин суугчид бичиж авсан. Үүнд Израилийн хүчин есдүгээр сарын 19-нд хөдөлгөөнгүй мэт харагдах цогцсуудыг барилгын дээврээс шидэж буйг буулгажээ. Тэр өдөр Израилийн Батлан хамгаалах хүчин “Тус бүсэд явуулсан ажиллагааны үеэр дөрвөн зэвсэгт этгээдийг устгасан” гэж мэдэгдсэн байв.

Олон улсын хуульд зааснаар армийнхан нас барсан хүмүүсийн цогцсыг хүндэтгэж, гэр бүлд нь буцаан өгөх ёстой. Харин Палестины нэгэн улс төрч Израилийн цэргүүд амь үрэгсэдтэй хүртэл зэрлэг, балмад харьцаж байна гэж шүүмжилж байжээ.

Израиль улс Газад үйлдэж буй түрэмгийлэлдээ болон Ливаны Хезболлаг чиглэсэн довтолгоо явуулснаасаа болж олон улсын шүүмжлэлд улам их өртөж байна. Ялангуяа Европын орнууд илүү хүчтэй эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байгаа. Харин зүүн Азийн удирдагч, тухайлбал Ли шиг хүн ингэж олон нийтэд ил тод шүүмжлэх нь ховор юм. Учир нь Өмнөд Солонгос гол төлөв Израильтай сайн харилцаатай байж ирсэн.

Израилийн Гадаад хэргийн яамны хариу мэдэгдлийн дараа Ли өөрийн байр сууриа бататгаж, дахин “Х” сүлжээнд шүүмжилсэн өнгө аястай мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр шууд нэр дурдалгүйгээр, “Дэлхий даяар хүний эрх болон олон улсын хуулийг зөрчсөн үйлдлээс болж зовж, шаналж буй хүмүүсийн шүүмжлэлийг огт анхаарахгүй байгаад харамсаж байна. Нэг хүн өвдвөл бусад нь ч мөн адил өвддөг” гэж бичжээ.

Үүний дараа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам нөхцөл байдлыг намжаахыг оролдсон. Тэд Израилийн тал ерөнхийлөгчийн үгийг буруу ойлгосонд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Лигийн хэлсэн үг нь тодорхой нэг асуудал биш, харин нийтлэг хүний эрхийн талаарх байр суурь байсан гэж тайлбарласан байна. Мөн Холокостын хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Гэсэн хэдий ч Ли Ням гаригт өөрийн байр суурийг дахин давтсан байв. Тэрбээр улс орнуудын тусгаар тогтнол болон хүний эрхийг хүндэтгэх ёстой бөгөөд түрэмгий дайныг үгүйсгэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Мөн “хүндлэл нь хүндлэлээр олддог” гэж нэмж тэмдэглэсэн байна. Израиль улс түүний хамгийн сүүлийн мэдэгдэлд одоогоор хариу өгөөгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн