АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцаж, Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон тухай өөрийн цахим сүлжээнд мэдээлэв.
Трампын бичсэнээр Орос улс нэн даруй 300 мянга гаруй тонн дизель түлш нийлүүлэх бөгөөд арваннэгдүгээр сард 500 мянган тонн, дараа нь нэг сая тонныг нийлүүлэхээр болжээ. Оросын боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлаас хамааран богино хугацаанд нэмж гурван сая тонн түлш нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам Оросын дизель түлштэй холбоотой хориг арга хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хэсэгчлэн сулруулахаар шийдвэрлэсэн байна.
Трампын хэлснээр энэхүү тохиролцоо нь АНУ болон дэлхийн зах зээлд дизель түлшний үнийг бууруулахад тусална. Тэрбээр шатахууны үнийг бууруулах нь америкчууд, ялангуяа тариаланч, малчин, тээвэрчдийн хувьд маш чухал гэж онцолсон юм.
Тохиролцоо нь АНУ-д арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө хийгдэж байгаа нь анхаарал татаж байна. Энэ сонгууль Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд олон нийт ямар үнэлгээ өгч байгааг харуулах нэг үзүүлэлт болно.
Оросоос дизель түлш нийлүүлэх энэхүү тохиролцоо Москва, Киевийн хооронд энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон үед Украины дайны нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.
