Ногоон карт алсын мөрөөдөл болов уу?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн долоо хоногт ногоон карт буюу байнгын оршин суух эрх авах өргөдлийн үйл явцад өөрчлөлт оруулжээ. Тодруулбал АНУ-д оршин сууж буй гадаадын иргэд хүсэлтээ батлагдах хүртэл тус улсаас явах шаардлагатай болсон байна. Сүүлийн 70 гаруй жилийн турш ногоон карт хүсэгчдийн ихэнх нь  хүсэлтээ батлагдах хүртэл АНУ-ын нутаг дэвсгэрт байх боломжтой байв. Энэ нь 1952 онд Конгрессоос баталсан Цагаачлал ба иргэншлийн тухай хуулийн дагуу хэрэгжиж ирсэн практик юм. Харин АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны (USCIS) шинэ журмын дагуу “онцгой тохиолдлын хөнгөлөлт” олгогдоогүй бол өргөдөл гаргагч нь АНУ-аас гарч, ногоон картын ярилцлага болон баталгаажуулалтаа гадаадад хийлгэх шаардлагатай болно. Энэ үйл явц нь тухайн хүний гарал үүслийн улс, өргөдлийн төрөл, жил бүрийн квот зэргээс шалтгаалан хэдэн сараас хэдэн жил хүртэл үргэлжилж магадгүй.

“USCIS”-ийн төлөөлөгчийн хэлснээр, энэ өөрчлөлт нь цагаачлалын тогтолцоог хуульд заасан байдлаар ажиллуулах, хуулийн цоорхойг багасгах зорилготой бөгөөд АНУ-д хууль бусаар үлдэх хүмүүсийн тоог бууруулахад тусална гэжээ. Гэхдээ цагаачлалын хуульчид болон хүний эрхийн хамгаалагчид энэ шийдвэрийг огцом өөрчлөлт гэж үзэж, олон хүн, гэр бүл, ажлын байранд хүндрэлтай байдал үүсгэнэ гэж анхааруулж байна. “Simon, Choi & Tuohy” хуулийн фирмийн удирдах түнш Николь Саймон хэлэхдээ, хүмүүс заавал удаан хугацаагаар гадаад явах шаардлагатай болж байгаа бөгөөд ярилцлагын тов хэзээ гарах нь тодорхойгүй тул энэ нь эдийн засагт хүндрэл үүсгэнэ гэжээ. Түүний хуулийн фирмд санаа зовсон үйлчлүүлэгчдээс ирэх дуудлага, имэйл аль хэдийн эрс нэмэгджээ.

ШИНЭ ЖУРАМД ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?

АНУ-д хууль ёсны байнгын оршин суугч болох өргөдөл гаргаж буй хүмүүс тус улсаас гарч, консулын үйл явцаар дамжуулан өргөдөл гаргах ёстой. Өргөдөл гаргагч нь АНУ-ын консулын газарт өргөдөл гаргахын тулд өөрийн эх орон руугаа явах ёстой. Энэ нь АНУ-ын консулын газаргүй орнуудын хүмүүст асуудал үүсгэж болзошгүй гэж Саймон онцолж байна. “Үндсэндээ өмнө нь хуулиар боломжтой, өргөн хэрэглэгддэг байсан ‘АНУ дотор байж байгаад статусаа өөрчлөх’ боломжийг одоо маш хязгаарлагдмал болгож байна. Одоо энэ боломжийг зөвхөн онцгой, ховор тохиолдолд л олгодог зүйл болгож өөрчилж байгаа гэсэн үг” гэж тэрбээр хэлжээ.

1980 оноос хойш ихэнх хууль ёсны цагаачид АНУ-д байхдаа “status adjustment” гэдэг журмаар ногоон карт авч ирсэн. Энэ нь өргөдөл гаргагчыг АНУ-аас явах шаардлагагүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлэх боломжоор хангаж байв. Гэвч энэхүү үйл явцыг өөрчилснөөр хууль эрх зүйн маргаан ч гарах төлөвтэй байна. Саймоны хэлснээр, “H-1B” өргөдлийн хураамжийг 100 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсэн журам зэрэг Трампын засаг захиргааны цагаачлалтай холбоотой бусад журмыг эсэргүүцсэн шүүхийн нэхэмжлэл аль хэдийн гараад эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн