Европ тив Норвегид байрладаг Корстё үйлдвэр зэрэг хийн байгууламжуудаас аль хэдийнэ татгалзсан байх учиртай байлаа. Гэвч эсрэгээрээ энэхүү аварга том боловсруулах үйлдвэр тивийн хамгийн чухал дэд бүтэц болоод байна. Өнөөгийн нөхцөлд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бус эрчим хүчний аюулгүй байдал нэгдүгээрт тавигдаж байна.
Украин, Иранд дэгдсэн дайн Европын уур амьсгалын болон цэвэр эрчим хүчний төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж орхив. Ялангуяа өвөл ойртож буй энэ эгзэгтэй цаг үетэй зэрэгцээд Европын хийн нөөцийн хэмжээ түүхэн доод түвшиндээ дөхөж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдаа болон аюулгүй байдлын хэлэлцээрийн үеэр эрчим хүчний хэрэгцээг нь сул тал болгож ашиглах вий гэж Европын удирдагчид эмээх боллоо. Ийм болгоомжлолын үүднээс Европын орнууд АНУ-аас хэт хамааралтай байхаас сэрэмжилж байна.
Европын комиссын ерөнхийлөгч асан Жан-Клод Юнкерын зөвлөхөөр ажиллаж байсан Анн Меттлер “Бид хамаарлыг зэвсэг болгон ашиглаж болох, ашиглаж ч байгаа дэлхийд амьдарч байна. Европчууд нэгийг бодож байгаа нь ойлгомжтой” гэжээ.
Корстё үйлдвэр нь Норвегийн эрэг дагуу байрладаг бөгөөд Европ дахь ийм төрлийн хамгийн том хий боловсруулах байгууламж юм.
Норвеги нь Европын холбооны гишүүн орон биш, чулуужсан түлш ч маш бага хэрэглэдэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил тус холбооны байгалийн хийн бараг гуравны нэгийг, түүхий тосны 14 хувийг нийлүүлжээ. Тус улсын байгалийн хийн олборлолтын бараг дөрөвний нэг нь Корстёгоор дамждаг бөгөөд үүний дийлэнхийг Бельги, Франц, Герман руу тээвэрлэдэг.
Норвегийн олборлолтын хэмжээ сүүлийн 10 жилд буурах хандлагатай байсан. Гэвч Европын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал шинээр сөхөгдөж эхэлсэн тул нөхцөл байдал эсрэг тал руугаа чиглэх шинжтэй боллоо.
Нэгэн үе халуун сэдэв болж байсан уур амьсгалын өөрчлөлт өдгөө Европын тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалтад доогуур байр эзэлж эхэллээ.
Корстё үйлдвэрийг ажиллуулдаг Норвегийн хамгийн том газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч “Equinor” компани энэ өөрчлөлтийг түүчээлж байна. Зургаан жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлт ид яригдаж байхад “Equinor” компани сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулж, энэ зууны дунд үе гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох төлөвлөгөөгөө зарлаж байв. Энэ оны байдлаар тус компани сэргээгдэх эрчим хүчний зорилтоосоо буцаад байна. Гэхдээ хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилтоо хараахан орхиогүй байна.
Норвегийн газрын тосны салбарын зүрх болсон газар нь Корстёгоос нэг цаг орчим машинаар явах зайд орших жижиг боомт хот Ставангер юм. Тус хотод “Equinor” компанийн төв байр байдаг бөгөөд дэлхийн хамгийн том эрчим хүчний бага хурлуудын нэг “Offshore Northern Seas Summit” зохион байгуулагддаг. Энэ жил бараг 70 мянган хүн тус хуралд оролцохоор Ставангерт хүрэлцэн ирсэн байдаг. Норвегийн бизнес болон улс төрийн удирдагчид энэ боломжийг ашиглан эх орноо Европын итгэж болох чулуужсан түлшний нийлүүлэгч гэж сурталчилжээ.
Гэвч Норвегийн газрын тос, байгалийн хийн нөөц хэдий хүртэл ундрах нь тодорхойгүй. Хамгийн өөдрөг хувилбараар тооцсон ч 2050 он гэхэд тус улсын газрын тос, хийн олборлолт 30 гаруй хувиар буурахаар байгаа аж.
Холбогдох албаныхан болон улстөрчдийн үзэж буйгаар олборлолтын бууралтыг сааруулахын тулд илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай. Мөн шинэ технологийн тусламжтайгаар олборлолтын бууралтын хурдыг сааруулж чадна гэж найдаж байгаа юм.
Хамгийн гол нь Норвегид олборлолтоо үргэлжлүүлсээр байх хангалттай шалтгаан бий. Газрын тос, байгалийн хийн орлого нь тус улсад дэлхийн хамгийн том бүрэн эрхт баялгийн санг байгуулах боломж олгосон бөгөөд уг сангийн өнөөгийн үнэ цэн хоёр их наяд ам.доллараас давсан байна. Тус сангаас жил бүр улсын төсөвт хуваарилдаг хөрөнгө нь холбооны төсвийн ойролцоогоор тавны нэгтэй тэнцдэг.
Гэхдээ Норвегийн иргэн бүр улсын эдийн засаг, улс төрийг бараг бүхэлд нь ноёлж буй эрчим хүчний салбарыг дэмждэг үү гэвэл үгүй.
Тухайлбал, “Offshore Northern Seas Summit”-ын эхний өдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч “Extinction Rebellion” хөдөлгөөний гишүүд хурлын гол танхимын гадна эсэргүүцэл илэрхийлж, газрын тос ууж буй дүр үзүүлжээ. Түүнчлэн тус улсын парламент дахь жижиг нам болох Ногоон нам Норвеги улс газрын тосгүй ирээдүйг төсөөлөх хэрэгтэй гэж шаарддаг. Энэ шаардлагын хүрээнд засгийн газар чулуужсан түлшгүй ирээдүйн боломжуудыг судлах тусгай комисс хүртэл байгуулжээ. Гэвч үүнээс өөр томоохон үр дүнд хүрэхэд бэрх байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.