ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” нам парламентын сонгуульд илт давуу тэргүүлж байна. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн сонгуулийг иргэд Украины дайныг дэмжиж байгаа эсэхийг харуулах үзүүлэлт гэж тодорхойлсон юм.

Сонгуулийн санал хураалт гурван хоног үргэлжилсэн бөгөөд Ням гаригийн /2026.09.20/ урьдчилсан дүнгээр Путины эрх баригч Нэгдсэн Орос нам 57.5 хувьтайгаар тэргүүлж байв. Харин Коммунист нам, хэт үндсэрхэг үзэлтэй Оросын Либерал ардчилсан нам, Шинэ хүмүүс болон Шударга Орос намуудын саналын хувь харьцангуй бага байсан. Гэсэн хэдий ч Төрийн Думд суудал авах төлөвтэй байна. Эдгээр намууд нь гол төлөв Нэгдсэн Орос намтай ижил байр суурьтай байдаг.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга, ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Нэгдсэн Орос намын үр дүнг сайшааж байна.

Тэрбээр урьдчилсан саналын дүн нь ард түмэн тус намд дахин засаглах итгэл хүлээлгэснийг харуулж байна гэж мэдэгджээ.

Энэ удаагийн сонгууль нь ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш болсон анхны парламентын сонгууль юм. Сонгуулийн санал хураалт эхлэх үеэр Украин ОХУ-ын Москва болон бусад бүс нутагт олон зуун дроноор халдсан байна. ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг ТАСС-ын мэдээлснээр, энэ нь дайн эхэлснээс хойших хамгийн том дроны халдлагуудын нэг байсан.

Оросын талын мэдээлснээр, халдлагын улмаас Москва орчимд гурван хүн, эзлэгдсэн Херсон мужид хоёр хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь сонгуулийн ажилтан байжээ. Мөн Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт дрон халдаж, тус байгууламжийн нэг хэсэг гэмтсэн байна. Санал хураалт эхлэх үед үйлдвэрийн орчимд гал гарч, их хэмжээний утаа гарчээ.

Москва хотын дарга Сергей Собянин Украины халдлагыг сонгуулийг тасалдуулах зорилготой байсан гэж мэдэгдсэн ч халдлагыг зогсоосон гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн Украины талаас дрон болон пуужингаар халдсан гэж мэдээлсэн байна. Тус яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын арми Украины 2000 орчим дрон болон найман далавчит пуужинг устгасан байна. Үүний хариуд Оросын тал Украины цэргийн объектуудад хийх цохилтоо нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CBC

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн