АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE)-ны ажилтан Ням гаригт /2026.09.20/ Техас мужийн Остин хотод нэг хүнийг буудаж, шархдуулжээ. Остин хотын цагдаагийн газрын дарга Лиза Дэвисийн мэдээлснээр, тухайн хүн их биеийн хэсэгтээ нэг удаа буудуулсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал хүнд боловч тогтвортой байгаа аж.
Остин хотын цагдаа нар уг ажиллагаа болон буудлагад оролцоогүй. Дэвисийн хэлснээр, энэ хэрэг замын хөдөлгөөн шалгах үеэр болсон байна.
Буудлага болсны дараа тухайн газарт “ICE”-ийн үйл ажиллагааг эсэргүүцэгчид нэн даруй цугларчээ. Ойролцоогоор 100 орчим жагсагч цагдаа нарын эсрэг байр сууриа илэрхийлж, зарим нь цагдаа нарыг харааж, бусад нь өнгөрч буй автомашинуудын жолооч нарт дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Остин хотын захирагч Кирк Уотсон уг хэргийг шалгахад хотын цагдаагийн газар оролцох ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн “ICE” өөрөө хийх нь зохимжгүй бөгөөд хөндлөнгийн байгууллага оролцсоноор шалгалтын үр дүн илүү найдвартай болно гэж үзэж байна. Дараа нь Уотсон хэвлэлийн хурлын үеэр “Остин хотын иргэд хотдоо аюулгүй амьдрах эрхтэй” хэлжээ.
Цагдаагийн дарга Дэвис одоогоор хэргийн талаар мэдээлэл хязгаарлагдмал байгааг мэдэгдсэн бөгөөд тусгай мөрдөн шалгах баг хэргийн газарт ажиллаж байгаа гэжээ. Мөн буудуулсан хүний харьяаллыг одоогоор тогтоогоогүй байна.
Хэргийн газарт хууль сахиулах байгууллагын олон ажилтан болон иргэд цугласан байв. Мөн цагдаа нарын хамгаалалтын бамбай дээр “Nobody is safe” буюу “Хэн ч аюулгүй биш” гэсэн бичиг барьсан жагсагч байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Грег Касар уг хэргийг шалгахдаа ил тод байдлыг хангахыг уриалсан байна. “Энэ аймшигт явдал манай хотын хаалгыг тогшиж байна” гэж Касар хэлээд, Остин хотод “ICE”-ийн өргөн хүрээний ажиллагааг зогсоохыг уриалжээ.
Энэ хэрэг нь АНУ даяар “ICE”-ийн баривчилгааны ажиллагаа эрчимжиж байгаа үед гарч байна. Тус байгууллага долдугаар болон наймдугаар сард сард 50 мянга гаруй хүнийг баривчилсан нь байгууллагын түүхэнд анх удаа олон тооны хүн баривчилсан үзүүлэлт болжээ.
