Чилийн ерөнхийлөгч асан Мишель Бачелет НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга болохын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татлаа. Ингэснээр тэр НҮБ-ыг 80 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн удирдах боломжийг олж авахын төлөөх өрсөлдөөнөө зогсоож байна.

Бачелет Бямба гаригт (2026.09.19) “Instagram”  хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн өрсөлдөхгүй байхаар шийдсэн” гэсэн байв. Тэрбээр мөн энэ том сорилтыг хүлээж авсандаа харамсахгүй байгаагаа илэрхийлжээ.

Бачелет нэрээ татахад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал хураалтын дүн нөлөөлсөн байна.

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт болсон гурав дахь албан бус санал асуулгаар түүнийг дэмжсэн улс ердөө нэг, эсэргүүцсэн нь 11, байр сууриа илэрхийлээгүй нь гурав байжээ. Харин долдугаар сард болсон санал асуулгаар түүнийг зургаан улс дэмжиж байсан бол наймдугаар сард хоёр улс дэмжсэн байна.

Одоогоор Коста Рикагийн Ребека Гринспан өрсөлдөөнийг тэргүүлж байна. Тэрбээр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагыг удирддаг бөгөөд хамгийн сүүлийн санал асуулгаар есөн дэмжлэг авчээ. Гайана улсын Каролин Родригес-Биркетт найман дэмжлэгтэйгээр удаалсан байна.

Мөн Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси, Сенегалын ерөнхийлөгч асан Маки Салл, Эквадорын дипломатч Мария Фернанда Эспиноса нар нэр дэвшиж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохын тулд нэр дэвшигч Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний дор хаяж есийнх нь дэмжлэгийг авах шаардлагатай. Мөн байнгын таван гишүүн болох Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ-ын аль нэг нь хориг тавих ёсгүй.

Бачелетийг Чили улс хоёрдугаар сард нэр дэвшүүлсэн бөгөөд Бразил, Мексик дэмжиж байв. Латин Америкаас өмнө нь зөвхөн Перугийн Хавьер Перес де Куэльяр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн бүрэн эрхийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Түүний дараагийн хүн НҮБ-ын хувьд олон улсын хямралтай үед ажлаа хүлээн авах юм.

Гутерриш энэ оны эхээр НҮБ санхүүгийн хүнд байдалд орж, бүр “ойрын хугацаанд санхүүгийн дампууралд хүрч болзошгүй” гэж анхааруулсан. 2025 оны эцсийн байдлаар гишүүн орнууд НҮБ-д нийт 1.57 тэрбум ам.долларын төлбөрийн өртэй байсан бөгөөд бүх төлбөрөө бүрэн төлсөн улс орон цөөн байжээ.

Ирэх долоо хоногт дэлхийн улс орнуудын удирдагчид Нью-Йорк хотод цугларч, НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит өндөр түвшний уулзалтад оролцоно.

Гутерриш мөн их гүрнүүдийн хоорондын зөрчил нэмэгдсэнээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл олон улсын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй байгааг шүүмжилсэн. Ялангуяа Газын зурвас, Украины дайн болон бусад хямралын асуудлаар Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаа гацаад байгааг тэр хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн